-Сайн хүн одод лугаа адил харвасныхаа дараа ч гэрэлтсээр байдаг-
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин агсан Эрдэнэцэцэг Штатманы гэр бүл, найз нөхдөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт хандив өргөлөө. “Эгчийн минь буяны цагаан сэтгэлийн сүүн цацал болсон өчүүхэн сэтгэлийн бэлгийг “Монголын үрс маш олон болтугай” гээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт хандивлаж байна. Талийгаач эгчийн маань мөрөөдөл Монголын бяцхан үрсэд туслах, буян болох байсан. Энэхүү мөрөөдлийг биелүүлэх эхлэл бол энэхүү 10 сая төгрөгийн хандив юм. Цаашид бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тус тасагтай байнга хамтран ажиллаж, туслаж дэмжиж байх зорилготой байгаа” гэж талийгаачийн дүү Х.Эрдэнэтуяа хандив өргөсөн юм.
Энэ үеэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Алтантуяа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн нэгдсэн тасаг нь улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг 0-28 хоногтой хүүхдүүдийг эмчилдэг юм. Сүүлийн жилүүдэд бага жинтэй нярай болон дутуу төрөлт элбэгшиж байгаа. Энэ төрлийн хүүхдийн эмчилгээнд шинэ технологийг нутагшуулах ээлтэй орчныг бүрдүүлэх, нялх биетэй ээжүүдэд зөв эерэг таатай орчинг бүрдүүлэхэд энэхүү буяны өгөлгийг зориулах болно. Мөн эргээд хандивын мөнгийг ямар зүйлд хэрхэн зөв зохистой ашигласан талаарх тайлан мэдээгээ хүргэх болно. Та бүхний сайхан сэтгэл, буянтай үйлст талархаж байна. Мөн олон ээж, олон нялхас талархана гэдэгт итгэлтэй байна. Тэрхүү сүүн зам үргэлж дардан зурайх болно гэж бодож байна” гэж талархсанаа илэрхийлж байлаа.
Нярайн нэгдсэн тагсийн эрхлэгч Д.Баясгалантай “Манай Нярайн эрчимт эмчилгээний тасагт буяны өргөл өргөж байгаа талийгаачийн ар гэрийнхэнд талархаж байна. Нярайн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээний үйлчилгээтэй жилд 500 нярайг эмчилдэг. Хөдөө орон нутаг болон нийслэлийн хамаг л өвчин нь хүндэрсэн нярай манай тасагт эмчлүүлдэг. Олон хүүхдийн амь насыг авардаг тасаг юм. Өгсөн хандивыг хүүхдүүддээ зориулсан зүйлд зарцуулах болно” гэж байлаа.
Энэхүү хандив өргөх арга хэмжээний үеэр Х.Эрдэнэтуяа эгчийнхээ талаар дурсан ярихдаа “Миний эгч Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Эрдэнэцэцэг Штатман гэж эмэгтэй байсан. Хүмүүс “Хар нүдэн Эрка” гэдэг нэрээр нь анддаггүй юм. Чуулгадаа 1988-1990 оны сүүлч хүртэл ажиллаж, улмаар Европын орнуудад аялан тоглолт хийж байгаад 1999 оноос Швейцарь улсад амьдарч эхэлсэн. Эгчийгээ асарч байх хугацаанд тэрээр “Би нэгэнт энэ хорвоод махан биеээрээ байхгүй ч гэлээ та бүхнийг дээрээс харж байгаа. Монголын хүүхдүүдэд туслах нь миний туйлын хүсэл юм. Тэр хүслийг минь биелүүлээрэй” гэж надаас хүссэн юм. Өнөөдрөөр энэхүү буяны үйлс дуусгавар болохгүй энэ хандивыг сан болгон хэрэгжүүлж жил бүр энэхүү тасагт туслах бодолтой байгаа. Одоо ч мөн Швейцарь улсад “Цюрих”-ын хорт хавдартай тэмцэх холбоонд талийгаачийг дурсан санасан хайртай бүхий л ар гэрийнхэн, найзууд, танилууд нь хандив өргөж байгаа юм. Ирэх жилийн есдүгээр сарын 15-ны үеэр бид “Монголын өдөрлөг”-ийг Швейцарь улсад зохион байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэр өдөр эгчийг минь дурсан санаад зогсохгүй Монгол улсаа сурталчилах юм. Мөн өдөрлөгөөс орсон бүхий л орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт сэтгэлийн бэлэг болгож хандивлана” гэсэн юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Д.ЖАРГАЛ