Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй шилдэг ресторан, зоогийн газруудыг жил дараалан нэрлэдэг Сан Пеллегриногийн шалгаруулалт саяхан болж энэ оны шилдгүүдийг зарласан юм. Тэдгээр 50-иас эхний 10-т нэрлэгдсэн зоогийн газруудыг дор танилцуулья.
10. The Ledbury
Лондоны Нотинг Хиллд орших Ледбури хэмээх зоогийн газар жагсаалтын 10-рт бичигджээ.
Манай гаригийн шилдгийг шилдэг хоолны газруудын 10-т бичигдэнэ гэдэг ямар их хөдөлмөр, хүчин зүтгэл шаардах нь ойлгомжтой. Тэгвэл Бретт Грахам хэмээх гайхалтай залуугийн 15 наснаасаа эхлэн хоолны салбарт хүчин зүтгэсэн амжилт түүнийг жинхэнэ брэнд болгожээ.
2005 онд үүд хаалгаа нээсэн Ледбуригаар үйлчлүүлж үзээгүй британичууд ховор төдийгүй Английг зорьсон жуулчдыг соронз мэт татсаар иржээ.
Ледбуригийн менюнээс жинхэнэ гайхамшгийг мэдэрдэг учраас л хүмүүс татагдсаар байдаг гэнэ.
9. Alinea
Энэхүү ресторан 2005 онд Чикагод үүд хаалгаа нээж байсан баарав хүрэхгүй жилийн дотор дэлхийн шилдэг ресторануудын нэг болж чадсан юм.
2011 оноос алдарт “Мишелиний хөтөч” номонд багтаж хамгийн дээд зэрэглэлийн ресторан болохыг илтгэх гурван од хүртсэн.
Чикаго хотын нэрийн хуудсын нэг хэсэг болсон Alinea зоогийн газар дэлхийн шилдгүүдийн дундаас есдүгээр байрт шалгарчээ.
Чикагод очвол Alinea-д л зоог барьдаг юм шүү.
8. Arzak
Испанийн хойд нутагт орших Сан Себастьян хотын энэхүү ресторанаас баск үндэстний хачин чамин хоол, амттан шимттэнийг амталж болно.
Мишелиний гурван одтой ресторанд газар газрын жуулчид хуран цугладаг гэнэ.
Тэртээх 1893 онд Арзакын гэр бүлийн үүсгэн байгуулсан зоогийн газар одоо аав, охин Разакын эзэмшилд оршдог бөгөөд 1989 оноос Мишелиний гурван одын зэрэглэлийг өнөөдрийг хүртэл эзэмшсээр байгаа аж.
Испанийн алдартай, эртний ховор дарснуудыг эндээс л амтлах боломжтой.
7. D.O.M
Бразилийг хөлбөмбөгөөс гадна дэлхийд алдаршуулдаг бас нэгэн нэрийн хуудас бол нэгэн гайхалтай ресторан байдаг.
D.O.M хэмээх энэхүү сүлжээ ресторан нь дэлхийн шилдэг зоогийн газруудын жагсаалтын долдугаарт бичигджээ.
Сүүлийн дөрвөн жил дараалан Өмнөд Америкийн шилдэг ресторанаар тодрохоос гадна 2012 онд Сан Пеллегриногийн шилдэг 50 рестораны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж байлаа.
D.O.M-ийн цэснээс Амазонкийн шугуйд ургадаг ховор нандин жимснүүдээс шууд шүүсийг нь гарган авсан жүүснээс гадна олон амттаныг авч болно.
6. Mugaritz
Испанийн Сан Себастьян хэмээх жижигхэн хотод дэлхийн шилдэг хоёр ресторан байдаг.
Дээр дурдсан Arzak зоогийн газар наймдугаарт жагсдаг бол Mugaritz хэмээх энэхүү зоогийн газар зургадугаар байрт жагсчээ.
Гэхдээ Arzak-ийг бодвол харьцангуй орчин үеийнх.
1998 онд байгуулагдсан тус ресторан Мишелиний хоёр одтой ба анх байгуулагдсан цагаас нь хойш өнөөг хүртэл алдартай тогооч Андони Луис Адоризийн эзэмшсээр ирсэн.
5. Blumenthal
Хестон Марк Блументал хэмээх энэ эр Их Британийн хоолны салбарын магнат.
Тэрээр The Fat Duck сүлжээний эзэн болохоос гадна Мишелиний гурван одтой Blumenthal рестораны эзэн.
“Хестон Блументалын үдийн зоог” хэмээх түүний ресторан Лондоны Гайд паркт байрладаг бөгөөд орчин үеийн рестораны салбарын хамгийн шилдэг, шинэлэг бүхнийг багтааснаараа онцлог.
Нэг ёсондоо дэлхийн олон улсын ресторанууд хамгийн дээд зэрэглэлийн хоолны газрын жишиг хэмээн даган дууриадаг гэнэ.
4. Eleven Madison Park
Даниэл Хамм хэмээх швейцарь эр 1998 онд Нью-Йоркт нэгэн зоогийн газрыг үүсгэн байгуулсан нь гайхалтай маркетинг, амтлаад ханашгүй амттануудынхаа ачаар Нью-Йоркийн төдийгүй дэлхийн шилдэг ресторан болж чаджээ. Мишелиний гурван одтой энэхүү рестораны үйлчлүүлэгчид нь Нью-Йоркийн дээд зиндааны оршин суугчдын ихэнх нь байдаг гэнэ. Тэднээс гадна завгүй нью-йоркчууд ч Eleven Madison Park-аар үйлчлүүлэх дуртай.
3. Osteria Francescana
Массимо Боттура хэмээх авьяаслаг итали тогоочийн эзэмшдэг Osteria Francescana хэмээх ресторан хоол хүнсээрээ эртнээс алдартай Италийн зоогийн газруудыг төлөөлөн шилдэг 10-т багтжээ.
Италийн Модена хэмээх хотод байрладаг энэ зоогийн газар хоёр жил дараалан энэ байраа хадгалж байна.
1995 онд үүд хаалгаа нээсэн Osteria Francescana ресторан ийнхүү арав хүрэхгүй жилийн дотор дэлхийн шилдэг болж чадсан нь яах аргагүй гайхалтай хоолны цэснээс гадна олон зуун жилийн түүхтэй алдартай дарснуудтай нь салшгүй холбоотой гэнэ.
2. El Celler de Can Roca
Испанийн Каталон муж хөлбөмбөгийн Барселона клубээс гадна El Celler de Can Roca ресторанаараа дэлхийд алдаршиж байна.
1986 онд байгуулагдсан энэ ресторан гайхамшигтай амттай хоол хүнс, дарснаас гадна хамгийн тансаг, тав тухтай, үйлчилгээний дээд жишигтэй дэлхийн зоогийн газрууд зүй ёсоор даган дууриадаг зоогийн газар болжээ.
Тиймээс ч байгуулагдсан цагаасаа хойш Мишелиний гурван одыг нэг ч удаа алдаж үзээгүй бөгөөджуулчдыг соронзон мэт татдагаараа алдартай.
1. Noma
Мишелиний хоёр одтой Noma ресторан нь манай гаригийн хамгийн шилдэг ресторанаар 2010, 2011, 2012, 2014 онд дараалан шалгарсаар байна.
Гаднаас нь харахад энгийн даруу хэрнээ дотор талдаа модон адартай энэ зоогийн газрыг дэлхийн шилдэг гэхэд гайхмаар.
Гэсэн ч Noma-гийн цэсэнд багтдаг бүхэн хорвоогийн хэмжээлшгүй сайхан амтыг хүмүүст мэдрүүлж чаддаг гэнэ шүү.
2003 онд байгуулагдсан Данийн нийслэл Копенгагенд байгуулагдсан энэ рестораны нэр нь Nordic буюу хойд европ ma буюу хоол гэсэн утгатай гэнэ.
Нэг ёсондоо скандинавын хойгийн ард түмнүүдийн хоол хүнсийг эндээс амтлаж болох аж.