Төвдийг бид бурхан шашны орон гэдгээр нь төсөөлдөг. Эртний номт бурханы тэрхүү оронд Монголынхоо нэрийг дуурсгаж, Монголоо алдаршуулсан олон сайхан хутагт хувилгаад аж төрж, ариун зам мөр үлдээснийг харин төдийлөн сайн мэддэггүй. Шашингүйн үзлээр 70 жилийг үдсэн ч бурханы шашнаа дахин сэргээсэн эх орныхоо тухай сонсоод нулимс дуслуулан талархан байсан эрдэмт хувилгаан Сэнгээгийн тухай сонирхолтой түүх өгүүлсэн номыг хувилгааны садан төрөл, тэдний анд нөхөд болох түүхч эрдэмтэд, номын садангууд бүтээсэн байна. “Сэнгээ хувилгаан” нэртэй энэхүү номын нээлт өчигдөр боллоо. Ар Халхын хувилгаан багш алдартай Дарамбазарын Сэнгээ нь Сайн ноён хан аймаг, Далайчойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт 1905 онд 10 хүүхэдтэй айлын ес дэх нь, долоон хөвүүний зургаа дахь нь болон мэндэлсэн ажээ. Тэрбээр 13 насандаа Тариатын хүрээнд шавилан суужээ. Тариатын хүрээнд байхдаа гэцэл гэлэнгийн сахил хүртсэн бөгөөд 25 насандаа нутгаасаа гарч, Цаст Төвдийг зорин, Сэратэгчэнлин хийдэд насан туршдаа ном бясалгасан юм.
“Хувилгаан Сэнгээ” номын нээлтэд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Манба дацан хийдийн хамба Д.Нацагдорж, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Ш.Сонинбаяр нарын лам хуврагууд оролцож, Халхын хувилгаантай уулзан ярилцаж явсан түүхээ хуучилсан юм.
Дамдин-Янсан ядамын хувилгаан Халхын Сэнгээ гэвшийн бурханы хөрөг. Гандантэгчэнлин хийд, Монголын Бурханы шашны Урлахуйн ухааны төв. 1999.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, СГЗ, гавж Д.Чойжамц:
-Анх би Сэнгээ хувилгааны тухай Энэтхэгийн Дарамсалад байхдаа сонсож байсан. Лам нар “Төвдөд Сэра хийдийн хамба лам монгол хүн байдаг. Тэнд үлдсэн цөөхөн номтой лам нарын нэг Сэнгээ хувилгаан Төвдийн шашныг сэргээхэд их үүрэг гүйцэтгэсэн, Винайн ёсны чухал дамжлагыг авч үлдсэн” хэмээн ярилцдаг байсан. Харин хожим нь 1983-1985 онд биечлэн танилцаж, 1990 он гаргаад Энэтхэгийн Бодьгаяад болсон Дүйнхорын вангийн үеэр дахин бараалхах сайхан завшаан тохиосон юм. Нутгаасаа гараад 60 гаруй жил болсон гэхэд монгол хэлээ ер мартаагүй, монголчууддаа их элэгсэг дотно ханддаг, аргагүй л монгол төрхтэй, шулуун шударга үг яриатай хүн байсан юм. Сэнгээ багш маань Төвдөд олон жил болсон гэхэд монгол төрхөө гээгээгүй сайхан монгол өвгөн байсан юм. Тос даасан бор царайтай, шударга үнэн үгтэй дээр үеийн өвгөдийн төрхийг шингээсэн хүн байсан юм. Эрдмийн дээдэд хүрэхийн тулд бурханы жаяг дүрмийг барьж, их урт зам туулсан байдаг. Төвдөд улаан хувьсгал гарах үеэр Сэнгээ хувилгаан барихад “Энэ хятадууд төвдийг гийгүүлэх гэж биш эзлэх гэж ирсэн” хэмээн шударга үгийг зоригтой өгүүлсний тухай өдгөө ч лам нар дурсдаг ажээ. Төвдөд бурханы шашныг сэргээх үед Дүльбаны до уншдаг ганц хүн нь Сэнгээ хувилгаан байсан гэдэг. Дүльба жаягийг сэргээнэ гэдэг бол шашныг сэргээсэнтэй дүйх гавьяа юм.
Монголоо гэх сэтгэл нь гундаагүй хүн байсан ч “Та нутагтаа морилооч дээ. Шарын шашин дэлгэрсэн сайхан цаг ирлээ” гэхэд “Залуу сайхан насандаа нутагтаа очихсон гэж мөн ч их мөрөөдсөн дөө. Даанч өдгөө нас дээр гарч, биеийн тэнхээ барагдаж. Тиймээс ном эрдэм түгээхгүйгээс хойш нутагтаа очоод яанам бэ” гэж байсан юм даг. Ийм л үнэн батыг өгүүлсэн эрдэмт хувилгаан байсан юм. Монгол, Төвд орныхон хорьдугаар зууны эх хүртэл материаллаг хөгжлөөр дорой байсан байж болно, харин оюун ухааны хөгжлөөр илүү явсны бодит жшшээ бол Сэнгээ хувилгаантан юм.
Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, СГЗ, доктор, гавж Ч.Дамбажав:
-Миний бие Энэтхэгийн Дарамсала хотод шашны дээд сургуульд суралцаж байхдаа Бодьгаяад суралцаж байхдаа Дүйнхорын ванд суух завшаан тохиож, Сэнгээ ринбүчи багштайгаа анх уулзаж золгосон билээ. Сэнгээ багш Бодьгаяагаас буцахдаа Дарамсалад хоёр сар саатан морилж, олон орны шавь нартаа номн абшиг хүртээсэн юм. Багш маань намайг орой болгон дуудаж, Монгол орныхоо тухай яриулдаг байв. Ингэхдээ нутаг орны нэр усыг өөрийнхөө бага ахуйд байсан аймаг, хошуугаар нэрлэхийн дээр Тариатын хүрээнд шавилан сууж байсан үеийн нөхдөө их дурсдагсан. Тэдний нэг нь миний авга ах бор Шагдар байсан юм. Намайг нэг нутаг хошууных гэж ихэд дотночилж, галд хайлсан Тариатын хүрээгээ сэргээхийг чухалчлан захиж байж билээ.
Хамба нар ийн дурслаа. Халх Монголынхоо нэрийг дэлхийн дайдад гаргасан ч бурханы шашны үнэнч шавийн ёсоор эгэл даруухнаар хорвоог туулсан эрхэм хүн Сэнгээ хувилгааны үр сад, удам угсаа өдгөө сайн сайхан аж төрж байна. Сэнгээ гэвшийн ач, зээ нар хувилгааны намтар, түүхийн ном бүтээхэд сэтгэл зүрхээ зориулсан бөгөөд түүний хойд дүрийг эх орондоо урин залж, өмнөх дүр болох Сэнгээ гэвшийн төрж өссөн нутаг оронтой нь танилцуулжээ. Сэнгээ ринбүчигийн хойд дүрийг Далай багш 1999 онд тодруулсан байна. Сэнгээ гэвшийн хойд дүр нь 1994 онд төрсөн төвд залуу байдаг ажээ. Данзанчойндан хэмээх номын нэртэй хуваргын сахил хүртээсэн өдөр нь 2000 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр бөгөөд энэ өдөр Монголын үндсэний их баяр цагаан сарын шинийн нэгэн давхацсан нь учрал ерөөл бүрдсэн сайхан учрал болсон гэдэг.
Цаст Төвдийн оронд мөнхөрсөн Цагаан суварга, сахилын алдар нь Лувсаншарав, түмэнд түгээмэл алдар нь Согбу гэвш буюу Сэнгээ хувилгааны хойд дүр Данзанчойндан ринбүчи нь Монгол орноо анх 2008 онд, дараа нь 2014 оны долдугаар сард иржээ. Түүнийг Сэнгээ хувилгааны өсөж төрсөн халх Монгол нутагт ая тухтай морилон саатахад Сэнгээ гэвштэний зээ “Ханбүргэдэй” компанийн ерөнхий захирал Ж.Сандагдорж ихээхэн хичээл зүтгэл гаргасныг дурдууштай. “Хувилгаан Сэнгээ” номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн хүн нь Ж.Сандагдорж юм. Их хувилгааны хишиг буян эх Монгол орондоо тогтох болтугай гэсэн ерөөлөөр тэмдэглэлээ өндөрлөе.
Д.ЦЭЭПИЛ