УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачлагаар Шинэчлэлийн Засгийн газраас Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжүүлсэн, Шинэ сумын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, 100% ашиглалтад орсон тухай сайхан мэдээг Ерөнхий гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ны удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Б.Гантулга нар дуулгалаа. 1 жил, 6 сарын хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажлыг 11 сард улсын комисс хүлээж авсанаар ийнхүү бүрэн ашиглалтад ороод байгаа аж.
Төслийн хүрээнд нийт 11 обьект баригдсан бөгөөд 833м/2 талбай бүхий Нутгийн удирдлагын ордон, 2,914м/2 Спорт, соёлын төвийн цогцолбор барилгад хоолны заал, номын сан, музей багтсан бол 3,653м/2 талбай бүхий 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 1,274м/2 талбайтай 150 хүүхдийн 6 бүлэгтэй цэцэрлэг, 2,358м/2 180 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, 902мВт хүчин чадалтай халаалтын зуух, 1120м урттай инженерийн шугам сүлжээ, хоногт 60м/3 бохир ус цэвэрлэх байгууламж, 60м гүний цэвэр усны худаг, 200 хүний суудалтай Хөл бөмбөгийн талбай, 3800м/2 Явган хүний зам, гэрэлтүүлэг, 1000м Авто зам, Авто зогсоол, Тоглоомын талбай, үерийн усны далан зэрэг цогц бүтээн байгуулалт хөдөө сумд бий болсоныг гүйцэтгэгчид онцоллоо.
Туслан гүйцэтгэгчээр “Ти Ти Энд Би” ХХК ажилласан бөгөөд хот хөдөөгийн нийт 800 гаруй хүн уг төсөл дээр ажиллажээ. Энэ үеэр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөн, хүн бэртэж гэмтэх тохиолдол гараагүйг мөн онцлов.
Улсын төсвөөс 2013 онд уг төсөлд БХБЯ-ны БХТөвийн Экспедицээр 29 тэр бум 662 сая төгрөг батлагдсанаас 20 тэр бум төгрөг шийдвэрлэгдсэн байна. 2014 онд улсын төвөөс ямарч хөрөнгө оруулалт хийгдээгүй бөгөөд төслийн ажлыг дуусгахад шаардлагатай 31,4 тэр бум төгрөгийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр болон “Их Модун” ХХК-ны өөрийн хөрөнгөөр шийдвэрлэжээ. Тус компани Банк бус санхүүгийн байгууллагад 7 тэр бум 573 сая төгрөгийн өртэй байгаа бөгөөд энэ нь өөрийн болон орон нутгийн ажилчдын цалин, бараа материалын хөлс зэрэг зардлууд багтаж байгаа юм байна.
Ийнхүү Олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн уг бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Иргэд тав тухтай тохилог орчинд ажиллаж амьдарч, сум дундын төвлөрсөн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах, сумаа зорин нүүдэллэх иргэдийн тоо нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүнг алслагдсан сумдад бий болгож байгаа юм.
“Их Модун” ХХК-ны удирдлагууд мэдээллийнхээ төгсгөлд, их бүтээн байгуулалтын хугацаанд бүх талаар дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат болон аймаг сумдын удирдлагууд, хамтарч ажилласан мэргэжлийн байгууллагуудад талархаж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn