Байнгын хорооны хуралдаан дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаан дууслаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч хойшлууллаа. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилсон бөгөөд тэрбээр “Хуулийн төслийг энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байна гэдгийг байнгын хорооны даргад уламжлаад өгөөрэй” хэмээн үг дайсныг гишүүн Д.Энхбат хуралдаанд оролцогчдод дуулгасан юм. Харин Эрдэс баялаг,  эрчим хүчний сайд Д.Зоригт “Хэлэлцүүлгийг хийчихэд болохгүй зүйлгүй шүү дээ” гэв.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Намын бүлэг дээр  энэ төслийг хэлэлцээгүй байхад байнгын хороогоор хэлэлцэх нь аюултай. Тэр тусмаа салбар хариуцсан Д.Зоригт сайд та ингэж ярьж болохгүй шүү” хэмээв.

Ингээд УИХ-ын гишүүн Г.Баярсайханы гаргасан горимын саналд үндэслэн хуулийн төслийг хойшлуулах шийдвэр гарган, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж