ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 11 сарын 24-28 ны өдрүүдэд болж байна. Хуралд 130 орны 900 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Элчин сайд М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцэж байгаа юм. Уг хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авлаа. Монгол өвийг ийнхүү бүртгэн авсанд талархаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоотой мөн багийн хамт олныг дэмжсэн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм.Ийнхүү бүртгэсэн нь Монгол улсаас хүн төрөлхтөнд оруулж байгаа үнэт өв юм” гэжээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсаас бүртгүүлсэн ЮНЕСКО-гийн соёлын өвүүд болох Биелгээ, Тууль, Цуурын хэрэгжилтийн тайланг амжилттай хэлэлцүүллээ. Цаашид ЮНЕСКО-д бүртгүүлсэн дээрх өвүүдийг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, хөрөнгө төсөвлөхийг Засгийн газарт зөвлөмж болгов.
Холбоо барих: 70105652
ЮНЕСКО-гйин Монголын Үндэсний Комисс