Аймгийн хэмжээнд 2,1 сая толгой мал хаваржиж, мал хаваржилт хэвийн явагдаж байна. Нийт нэг сая гаруй толгой хээлтэгч малын 65% нь төллөж, төл бойжилт 99%-тай байна. 5800 гаруй том мал хорогдсон нь нийт малын 0,2%-ийг эзэлж байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 420 мянган бог мал, 30 мянган бод мал ангилах бөгөөд энэ ажил Баянхутаг, Дархан, Галшар, Баян-Адарга, Норовлин, Баян-Овоо сумдад эхэлж, бусад суманд хийж эхлээгүй байна. Бэлчээрийн хортон мэрэгч амьтан болон оготныг байгальд хоргүй аргаар устгах сургалтыг Баянхутаг, Галшар, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Баян-Овоо, Хэрлэн сумын 300 гаруй малчдыг хамруулан хийлээ. Энэ онд шинээр барих инженерийн хийцтэй 30 уст цэгийн ажлын гэрээг гүйцэтгэгч компаниудтай хийж байна.
Сүхбаатар аймгийн төвд болсон зүүн бүсийн үржлийн хурдан адууны үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаанд Галшар сумын Сангийн далай багийн малчин Эрдэнэбаатарын гүү хоёрдугаар байрт шалгарсан байна.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээ:
Энэ онд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 4437,9 мянган мал хамруулахаас хонины гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдвал зохих хонины 70%-ийг хамруулж вакцинжуулаад байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын 58%-ийг улсаас хүлээн авч 13 сумын 1342.3 мянган малыг хамруулахаар боллоо. Мөн Баянмөнх, Дархан, Мөрөн, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдад боом, шүлхий өвчний голомтуудыг зориулалтын автодук машинаар ариутгаж халдваргүйжүүлэх ажил хийж байна.
Эрлийз адуу олширсонтой холбоотойгоор адууны нийлүүлгийн өвчин ихсэх хандлагатай байгаа тул Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Өмнөдэлгэр, Биндэр, Норовлин, Батноров сумын 1500 гаруй адуунд уг өвчний шинжилгээг хийгээд байна.
Мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгжийн чадавхийг дээшлүүлэх тав хүртэлх сая төгрөгний жилийн 2,4 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай төслийн сонгон шалгаруулалтанд таван аж ахуйн нэгжийн төслийн баримт бичиг шалгарч ХХААХҮЯ-д хүргүүллээ.
Хүнс:
Энэ сарын 16-ны байдлаар Хэнтий аймагт дээд гурил 950, 1-р гурил 800, 2-р гурил 500, цагаан будаа 1700, шар будаа 1600, хонины мах 4500, үхрийн мах 6000, ямааны мах 4000, адууны мах 4000, шингэн сүү 1100, төмс 800-1000 төгрөгийн үнэ ханштай байна. 1 дүгээр сарын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг одоогийнхтой харьцуулахад дээд гурил 50, 2-р гурил 180, шар, цагаан будаа 100, сүү 400 төгрөгөөр тус тус буурсан ба үхэр, хонины мах 200, адууны мах 300, сонгино 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Жижиг, дунд үйлдвэр
Энэ сард “Үйлдвэрлэл, ажлын байр-2011” сэдэвт уулзалт зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Уулзалт зөвлөлгөөнд 18 сум, тосгоны жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүд, 50 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Хаан банкны инкубатор төвөөс “Зах зээлийн өөрчлөлт ба хандлага”, “Зээлийг үр ашигтай зарцуулах нь” сэдвээр сургалт, ярилцлага явуулж зөвлөгөө өгөв.
Үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд талх нарийн боов, төмс, хүнсний ногоо, цэцгийн үр суулгац, сүү, сүүн бүтээгдэхүүн, мод, суран эдлэл, сийлбэр зэрэг 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож хүнсний ногооны үр борлуулалтаар 1,2 сая, 2000 гаруй модны суулгацын борлуулалтаар 2,1 сая, бусад төрлөөр 1,9 сая, нийт 5,2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж 1,8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний захиалга авсан байна.
Шилдэг бүтээгдэхүүнээр Өмнөдэлгэр сумын иргэн Д.Баасанжавын хромон гутал, Батширээт сумын “Их ян” ББН-ийн савласан жимсний чанамал, Биндэр сумын “Сэрүүн хангай” нөхөрлөлийн бэлэг дурсгалын эсгий эдлэлүүд шалгарлаа.
Хөдөлмөрийн яармаг худалдаанд 22 ажил олгогчийн 174 ажлын байрыг зарласнаас 73 иргэн мэдээлэл зөвлөгөө авч, 10 иргэн ажлын байртай болжээ. Мөн ажил олгогчийн урамшуулал болох гурван сая төгрөгийг барилгын “Оч манлай” ХХК-д олгосон байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- ЖДҮГ-аас санаачлан Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хоршоо-жижиг дунд үйлдвэр-ажлын байр: 2011” үзэсгэлэн худалдаанд нийт 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, 5 мянга гаруй иргэдэд үйлчилж 130 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ. Уг үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнээс 13 төрлийн номинацаар шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад, “Буянт-Оргил булаг” хоршоо “Шилдэг үйлдвэрлэгч хоршоо”, “Тунгалаг Онон” ХХК “Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Хаан хатдын зоог” ХХК “Хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг үйлчилгээ эрхлэгч” өргөмжлөл, цомоор тус тус шагнууллаа.
Аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд сан”-д төслүүд хүлээн авч байгаа ба өмнө олгосон зээлийн эргэн төлөлт хэвийн, эргэн төлөлтөөс Сангийн яамаар дамжин Хас банкинд 118 сая төгрөг, Хаан банкинд 32 сая төгрөг орж ирсэн байна.
Газар тариалан
ХХААХҮЯамнаас зарласан “Чацарганы суулгац зээлээр олгох” төслийг сонгон шалгаруулах комисс хуралдаж нийт 38 төслөөс шалгуур үзүүлэлт хангасан 25 төсөлд 20 мянган ширхэг чацарганы суулгац /44,0 сая төгрөгийн үнэтэй/ гэрээ байгуулан олгож тариалж дууслаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 5220 га-д улаан буудай, 30 га-д царгас, 50 га-д эрдэнэшиш тариалаад байна.