УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Та УИХ-ын нэр бүхий найман гишүүний хамт “Маргаашийн төлөө тунхаг” гаргасан. Тунхагийн зорилго юу юм бэ?
-Нийгэм бүхлээрээ, тэр дундаа УИХ-ын түвшинд сүүлийн 25 жилийн амьдралаа эргэн харж, дүгнэж, цаашид энэ чигээрээ явах уу, үгүй юү гэдгээ ажил хэрэгчээр ярих цаг болчихоод байна. Өөрөөр хэлбэл, бид 25 жилийн өмнө ардчилсан тогтолцоог сонгосон бол үүндээ засвар хийх ёстой. Энэ нь огт өөр чиглэл сонгоно гэсэн үг биш. Болохгүйгээ өөрчилж, болж байгаагаа бататган цааш явах эргэлтийн үе ирснийг л хэлээд байгаа юм. Энэ ажлыг УИХ-аас эхлэх ёстой. Тунхагт таван зүйлийг хөндсөн. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт болон төрийн алба, сонгууль, улс төрийн намуудын гажиг тогтолцоог засаж залруулах ёстой гэсэн гол агуулга бий. Мөн шүүх, хуулийн байгууллагад улс төрөөс хараат бус, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ёстой гэж тусгасан.
-Та бараг үг хэлэх болгондоо Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг. Тунхагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг чухам ямар байдлаар хийхээр тусгасан бол?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх засаглалыг хууль тогтоох эрх мэдлээс салгах асуудлыг тавьж буй. Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрх олгоё, УИХ тэр томилгоонд оролцохоо больё гэж байгаа юм. Тэгвэл төрийн алба мэргэшсэн, чадварлаг, улс төрөөс хараат бус байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Энэ удаагийн парламентад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хамгийн тохиромжтой төлөөлөл бүрдсэн. Тухайлбал, бид олон түмний төлөөллийг хангах зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд ард нийтийн санал асуулга явуулж, түүгээрээ дамжуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах,эсэхийг баталгаажуулах бололцоо бий.
-Үндсэн хуулийн дээр дурдсан өөрчлөлтийн талаар нийгэмд “давхар дээл” гэх эчнээ ойлголт хэдийнэ бий болсон. Гэвч эл санаачилгыг Ерөнхийлөгч гаргаад бүтэлгүйтсэн. Та бүхний хувьд эл асуудлыг арай өөр арга замаар шийдэх гээд байна уу?
-Арга замын талаар бид ярилцах ёстой. Ер нь янз бүрээр л үзэж байна. Тухайлбал, бүх сайдыг парламентын гаднаас томилох ёстой гэж ярих нэг хэсэг байна. Гэхдээ ийм Засгийн газар маш хэврэг байдгийг 1996-2000 оны түүх харуулдаг. Энэ явдлыг аль нэг намд хамаатуулахаас илүү монгол төрд учирсан зовлон гэдэг талаас харах нь зүйтэй юм. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож, зарим сайдынх нь үүрэг гүйцэтгэгч байсан хугацаа Ерөнхий сайд байхаас ч удаан үргэлжилсэн шүү дээ. Үүнээс үүдэж Үндсэн хуулийн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг хийсэн байдаг. Нөгөө талаас МҮАН-аас Үндсэн хуулийн төсөл боловсруулаад байна. Үүнд Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог, гэхдээ парламентаас сонгогддог байхаар тусгасан. Энэ нь одоогийн Үндсэн хуулиас огт өөр агуулга бүхий хувилбар санал болгож байгаа хэрэг. Одоогийн Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн тодорхойгүй нэг заалт бий. Энэхүү байж болно, байхгүй ч байж болно гэсэн хоёрдмол утгатай заалтыг хоёр талаас зүтгүүлээд байдаг. Үндсэндээ энэ “Болно” гэсэн үг Засгийн газрыг тодорхойгүй байдалд оруулж, институт хоорондын зөрчлийн эх үүсвэр болж байна. Тунхаг гаргасан гишүүдийн зүгээс тодорхой хувилбар санал болгоогүй. Ямар ч байсан асуудлыг энэ түвшинд гаргаж тавих нь хамгийн эхний гарц гэж харсан. Юутай ч улс төрийн намууд анхаарал хандуулж байна. Тухайлбал, МҮАН Шинжлэх ухааны академитай хамтран Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар эрдэм шижилгээний бага хурал зохион байгуулсан. Маргааш (өнөөдөр) мөн эл асуудлаар МАХН хурал хийх гэж байна. Шинэ Засгийн газрыг байгуулах асуудал ч үүнтэй уялдах болов уу. Учир нь шинээр томилогдсон Ерөнхий сайд бүх улс төрийн намд хамтран ажиллах санал хүргүүлсэн байна лээ. Бид Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт хийж, төрийг гацаанаас гаргая гэвэл улс төрийн намууд ойлголцож, зөвшилцөх нь маш чухал. Эндээс нийгмийн зөвшилцөл болж өргөжих ёстой. Тиймээс ч МАН хамтран ажиллах саналд ямар байр суурьтай хандахыг илүү сонирхож байна. Мөн зөвшилцөх албан бичигт Ерөнхий сайд тухайлан Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийг хамтарч сайжруулах талаар дурдсан нь энэ чиглэлээр өргөн яриа хэлэлцээ парламентын түвшинд өрнөх болов уу гэсэн горьдлого төрүүлж байгаа юм.
-Тунхаг бол тунхаг. “Маргаашийн төлөө тунхаг”-ийг их том ажлын удиртгал хэсэг гэж харж байна. Дараагийн арга хэмжээ юу байх вэ?
-Тунхагаа яаж бодитой арга хэмжээ болгох талаар бид өнгөрсөн долоо хоногт уулзаж ярилцсан. Энэ долоо хоногт ч уулзана. Тунхаг гаргаад хаяхгүй. Хаячихвал байдал энэ чигээрээ л үлдэнэ. Монголд олон тунхаг бий. Юутай ч нам намын гишүүдийн гаргасан энэ тунхаг шинэ Засгийн газар юуны төлөө ажиллах вэ гэсэн чиглэлийг тодорхойлоход зохих нөлөө үзүүлсэн болов уу. Тийм ч учраас Ерөнхий сайд хамтран ажиллах саналдаа зориуд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дурдсан биз. Гэхдээ бид олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, дээрх тодорхой асуудлуудыг хувь улстөрчийн хаяг болгож наахаас илүүтэй бодитой ажил хэрэг болгохыг зорих болно. “Маргаашийн төл өө тунхаг” бидний найман гишүүн бус, Монголын маргаашт хамаатай.
Б.НОМИН
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН