УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ-ын гишүүн Д.Энхбат уг хуулийн төсөлтэй холбогдуулан горимын санал гаргасан юм. Тэрбээр “Газрын тухай хууль нь ард иргэдийн эрх ашгийг хөндсөн чухал хууль учраас олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг тусгасны үндсэн дээр төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой тул төслийг түр хугацаацаагаар хойшлуулах хүсэлтэй байна ” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхийн өмнө эхлээд ард иргэдээс саналыг нь аваач ээ гэдэг хүсэлтийг Засгийн газарт удаа дараа тавьж байгаа. Гэтэл яам, Засгийн газрын төвшнөөс эхлээд энэ дарга ямар эрхтэй вэ, энэ байгууллага ямар эрхтэй вэ гэдгийг зохицуулсан хуулийн төсөл оруулж ирдэг. Үүнээс болоод дарга, байгууллагуудын эрх мэдлийг хуваарилсан төсөл болж хувирдаг. Монгол Улсаас бусад оронд хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийн өмнө эхлээд ард иргэдээрээ хэлэлцүүлсэн байдаг. Тийм учраас горимын саналыг дэмжиж байна” гэв.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Энхбатын гаргасан горимын саналаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “ангийнхандаа” хандан “Ажил нэмчих юм аа, манай яам одоо Газрын тухай хуулиар бүсчилсэн хэлэлцүүлэг өрнүүлэх болж байна шүү дээ” хэмээн хошигноод авав.
Дашрамд сануулахад, дээрх хуулийн төслийг хойшлуулахын өмнө байнгын хорооны хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгаж, дуусган улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.
Г.Дарь