Монголын үйлдвэржилтийн талаар хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Монголын үйлдвэржилтийн талаар хэлэлцжээ

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас боловсруулсан  “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичиг бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Гадаад харилцааны яаманд нээлттэй хэлэлцүүлэг болов. Тус байгууллагын судалгааг үндэслэн манай улсад хоёр зүйлийг мэргэжилтнүүд зөвлөөд байна. Үүнд Монголын онцлогийг шингээсэн түүхий эд, хэв загвар, хийцийг илтгэсэн, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ноолуур, сарлагийн үс, хонь, тэмээний ноос, мах зэрэгт тулгуурласан аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтцийг өөрчилж, нэмүү өртөг шингээх томоохон нөөц бололцоог бүрдүүлэх, нөгөөтэйгүүр Монголын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлан таниулснаар дэлхийн зах зээлд өөрийн орон зайг зохих ёсоор эзлэх боломжтой гэж үзжээ. Энэхүү судалгааны баримт бичгийн дагуу цаашид тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайлбал Монголын эдийн засгийн гол суурь болох эрдэс баялаг, махны үйлдвэрлэл, ноос ноолуур зэрэг салбар тус бүрээр нарийвчилсан судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулан хөрөнгө оруулагчдад санал болгох зэрэг ажлыг хамтран хийх хүсэлтээ ЮНИДО-гийн зүгээс илэрхийлсэн байна.

Нээлттэй хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ҮСХ, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн зэрэг төрийн байгууллагын албаны хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.

ЮНИДО энэхүү судалгаандаа “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийг ашиглажээ.

Тодорхой улс орныг үйлдвэржүүлэх бодлогын асуудлаар ЮНИДО урьд өмнө тусгайлан судалгаа гаргаж байгаагүй бөгөөд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа анхны улс нь Монгол Улс болж байгаа ажээ. Хоёр дахь судалгааг Гана улстай хамтарч хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж