Хүмүүн заяаг олоод хорвоод мэндэлсэн үрсийнхээ амьд явах, амьдрах эрхийг нь таслахгүй байхсан… Дөнгөж төрсөн нярайг өвлийн жавар тачигнасан өдөр гудамжинд хаясан хэд хэдэн тохиолдол гарч, үртэй бүхний зүрхийг шимшрүүллээ. Өнгөрөгч аравдугаар сард нэг сарын дотор нярай хүүхдээ хаясан дөрвөн хэрэг бүртгэгдсэн нь сэтгэл сэртхийлгэж байна. Гурван сая хүрэхгүй шахуу хүн амтай улсад жилдээ биш, нэг сарын дотор төрүүлсэн үрээ хаясан дөрвөн тохиолдол гэхээр миний, таны, хэн бүхний сэтгэл эмзэглэж байна.
2014 оны аравдугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо Бага нарангийн 42-р гудамжны дан модон хаалганы өмнө “Бамбаруушны зурагтай шар өнгийн өлгийтэй нялх хүүхэд хэвтэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиход дан өлгийтэй дөнгөж төрсөн нярай хэдийн амьсгал хураасан байж. Аз таарч амьд байсансан бол улсын данстай хоёрхон газрын нэг Хүүхдийн төв сувилалд хүргэх байлаа. Харамсалтай нь хүний хорвоод мэндлэнгүүтээ харгис хүчирхийлэлтэй нүүр тулж, амьд явах эрхээ хэдийн хасуулчихаж хөөрхий үр. Цагдаагийнхан ойр орчмын оршин суугчдын мэдээллээр хүүхдээ хаясан ээжийг хурдан хугацаанд олсон ч эхийнхээ хэвлийд л амьдрах хувьтай тэр бяцхан үр хэдийн хорвоогоос буцчихсан нь харамсмаар. Хүүхдээ хаясан тэр эхийг буруутгах шалтгаан мянга түмээрээ бий. Арван сар тээж ангир уургаа амлуулчихаад араатнаас ч дор авир яагаад гаргав. Яагаад ийм зүйл хийхэд хүрэв гэдгийг уужуу ухаандаа нэг тунгаацгаая.
“Хүүхдээ хөнөөе гэж бодоогүй”
Нялх үрээ гудамжинд орхисон ээж 19-хөн настай, Говь-Алтай аймгийн харьяат. Оюутан болж бусдын л жишгээр их хөлийн газар Улаанбаатарт хөл тавьсан аж. Сургуульд сурч байхдаа үе тэнгийн найз хөвгүүнээс хүүхэдтэй болсон гэх. Хөдөөнөөс оюутан болж ирсэн хүнд Улаанбаатарт хүүхэд төрүүлээд амьдрах боломж тэр болгон үгүй. Найз залуу нь жирэмсэн болсныг нь мэдээд орхиод явчихсан учраас ар гэрийнхнээсээ тас нуучихаж. “Эрдэм ном сурна гэж явчихаад гэдсээ чирээд ирлээ” гэж зэмлэдэг нийтлэг хандлага ч нөлөөлсөн байж мэднэ. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдгийг хэн нэгэн түүнд ойлгуулсан бол тийм харгис үйлдэл хийхгүй л байсан даа гэж халаглах. Тэрбээр цагдаагийнханд “Хүүхдээ хөнөөе гэж бодоогүй. Сайхан сэтгэлтэй хүмүүс таараад авчихаасай л гэж бодсон юм” гээд нулимс дуслуулан хэлсэн байдаг. Хөхөө өвлийн хүйтнээр өлгийтэй хүүхдээ гудамжинд орхисон ээжид өдгөө эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Эрүүгийн хуулийн 117 –р зүйлд хүүхдээ санаатайгаар хаяж, төрүүлснээс тухайн хүүхэд амь насаа алдсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох заалт бий. Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр гарахад “Хуулийн дагуу шийтгэх ёстой, төрүүлсэн үрдээ харгисаар хандсан этгээдийг өмөөрч, өөгшүүлэх хэрэггүй” гэцгээж байна. Мэдээж энэ бол эх хүнээс гарч боломгүй харгис үйлдэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ хэвлэл мэдээлэл, олон нийт хэт нэг талыг барьж, хэн нэгэн рүү чичлэхээ л урьтал болгож байна. Өнөөдөр хэн ч энэ асуудлын цаад учир шалтгааныг хайсангүй, арга зам байгаа эсэхийг ярьсангүй. Учир шалтгааныг хайж, арга замыг тодорхойлохгүйгээр дахин энэ мэт харгис хэлбэрийн хүчирхийлэл зогсохгүй. Тэгвэл ямар учир шалтгаан байгааг эхлээд хайцгаая.
Бид өөрсдөө хүүхдээ “хүчирхийлж” байна
Үр хүүхдээ хариуцлагатай хүн болох хандлага, хүмүүжлийг эцэг эхчүүд өөрсдөө хамгийн эхлээд хүүхдэдээ ойлгуулж, төлөвшүүлэх ёсой. Үүний дараагийн шат нь дунд сургуулийн хичээлийн программд “Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийг түлхүү заадаг болох. Зарим дүүрэг, хороо, хөдөө орон нутаг сумдын сургуулиудад орон тоо байхгүйгээс энэ төрлийн хичээл огт ордоггүй. Уг нь Эрүүл мэндийн яамнаас өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох зорилгоор “Ирээдүйн босго” төвийг аймаг, дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлгийн дэргэд ажиллуулдаг аж. Залуус тус төвөөс үерхэл нөхөрлөл, гэр бүл төлөвлөлт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө авахаас гадна жирэмслэхээс хамгаалах хэрэгслээс сонгон авч хэрэглэх боломжтой гэсэн. Гэсэн ч залуус энэ төвийг зорьж очих нь ховор. Өөрөөр хэлбэл зорилтот бүлэгтээ энэ төвийн үйл ажиллагаа хүрч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс л охид хүсээгүй жирэмслэлтээр хүүхэд тээж төрүүлж, эцэст нь “Хүүхдээ тэжээх чадваргүй, эцэг эхээсээ айж байна” гэх шалтгаанаар хүүхдийнхээ амьд явах эрхийг нь зөрчиж, харанхуй гудамжинд хаяж байна шүү дээ. Эцэг эхчүүд уламжлалт сэтгэлгээнээсээ салж, охид, хөвгүүдийнхээ бэлгийн боловсролд дээд зэргээр анхаарч, энэ талаар илэн далангүй ярилцаж хэвшихгүй бол энэ мэт гашуун түүхийг давтах эрсдэл ойрхон байна. Харин Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг төрийн байгууллагууд бодлогын түвшний шийдвэр гаргах шаардлага тулгарсныг “нярай хүүхдээ хаясан” гэх хэргийн жишээнүүд харуулж байна.
Хүүхдийг наашаа гэх газар ховор
“Хүсээгүй, амьдрал ядуу, амьдрах орон гэргүй” гэх шалтгаанаар эцэг эхдээ гологдсон үрсийг сайхан сэтгэлээр тосоод авах төрийн ивээл аргагүй дутаж байна. Ээждээ, аавдаа гологдсон хүүхэд бүр амиа алддаггүй. Хэдэн сартай, 1-3 настай хүүхдээ өсгөж чадахгүй гээд санаатайгаар төөрүүлэх, хаях тохиолдол ч олонтаа гарч байна. Хаягдсан хүүхдүүдийг олсон хүмүүс цагдаад аваачиж өгдөг бол цагдаагийнхан улсдаа ганцхан Хүүхдийн төв сувилалд хүргэж байна. “Хүүхдийн төв” сувилал бол өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Уг нь энэ төв тураалтай, цус багадалттай, амьдралын баталгаажих түвшнээс доош амьдралтай хүмүүсийн хүүхдийг хүлээж авах үндсэн чиг үүрэгтэй. Гэвч сүүлий үед эцэг эхдээ “гологдсон” хүүхдүүд олноор ирэх болсноос ачааллаа хэтрүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүсчээ. Гэхдээ хаягдсан хүүхдүүдийг ердөө гурван нас хүртэл нь харж хандаад наашаа гэсэн асрамжийн газар шилжүүлэхээс аргагүй болдог гэх. Энэ талаар НХГХГ-ын Гэр бүл хүүхэд хамгаалах хэлтсийн мэргэжилтэн “Сүүлийн үед залуу ээж, аавууд амар хялбар аргаар амьдрахыг илүүд үздэг болсноос хүүхдээ асрамжийн төвүүдэд өгчихөөд өөрийнхөө жаргалыг хөөгөөд явчихдаг, удалгүй дахиад нэг хүүхэд төрүүлэх тохиолдол байна” гэжээ. Нярай хүүхдүүдэд тохиолдож буй энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг ганц хоёрхон улсын гэх тодотголтой газрын нуруунд үүрүүлж байгаа нь буруу гэдэг нь тодорхой байна. Чин үнэнийг хэлэхэд өнөөдөр хүүхдүүдийг наашаа гэх газар нүдний гэм хэвээр л байна. Төр засаг энэ асуудалд анхаараарч амжаагүй байтал нярай хүүхдийн асрах газар гэгчийг гадныхан байгуулах вий.
Дээр үед зарим эмэгтэйчүүд хүрдэн дээр хүүхдээ тавьчихаад хаа нэгтэйгээс хүн ирж авахыг хардаг байсан тухай сонсч байв. Шалтгаан нь өнөөгийхтэй тун төстэй. Амьдралын боломжгүй, айлын зарц, эцэг нь тодорхойгүй, эцэгтэй гологдсон хүүхдээ арга буюу олон хөлийн газар тавьдаг байсан гэх. Өнөөгийнхөөс ялгаатай нь хэдхэн хормын дотор хөлдөөд үхчих өвлийн хүйтэнд дан өлгийтэй нь гудамжинд, хөгийн функерт, суултуурт, зочид буудлын орны хөндийд хаясан нь үгүй билээ. Хорвоод тээж төрүүлсэн хамгийн итгэлтэй аврагч нь ээж хүн та болохоор өмөлзөн уйлах үрс эхийнхээ энгэрт ирэх төдийд л тайвширдаг шүү дээ. Тэр аврагч нь “алуурчин” болж хувирах учиргүй. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй, харин томчууд тэдний хувь заяаг сонгож, бас шийддэг. Үрсийнхээ амьдрах эрхийг бүү тасал, бүү хүчирхийл…
С.ОТГОНСҮРЭН