МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Шинэ Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтэд хариу өгнө. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа дөнгөж авсаныхаа дараа засагт хамтрах асуудлаар МАН-д хамгийн түрүүнд урилга илгээсэн юм. Улс орны эрх ашгийн үүднээс өнөөдөр орой тус намаас гаргах шийдвэр онцгой чухалд тооцогдож байна. Учир нь, урилгыг хүсэлт төдийхнөөр биш, улс орноо хямралаас гаргах онцгой үүрэг гэж үзвэл Бага хурлын гишүүдийн шийдвэрээс олон зүйл шалтгаалахаар болж байгаа юм.
Сүүлийн хоёр жил хүчтэй сөрөг хүчин байсан Ардын намынхан намаа бодох уу, улсаа аврах уу гэдгээ шийдэх хэцүүхэн сонголттой тулгарлаа. Одоогоос зургаан жилийн өмнө Ардчилсан нам ч ийм сонголтын өмнө зогсч байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа УИХ-д 46 суудал авсан хэрнээ С.Баяр Ардчилсан намд засагт хамтрах урилга илгээж, Н.Алтанхуяг намын эрх ашгаас иргэдийн эв нэгдлийг илүүд тавьснаараа Хамтарсан Засгийн газрын үед улс орны хөгжил, эдийн засагт чухал төслүүд урагшаа хөдөлж чадсан гэхэд маргах хүн тийм ч олон гарахгүй байх.
Жагсаал, цуглааны үеэр таван хүн цагдаад буудуулж амиа алдсан долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш ард иргэд айдас, хилэнтэй байсан тухайн үед С.Баярын урилгыг АН хүлээж авснаараа нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлж, улс орны эв нэгдлийг хангасан гэж би хувьдаа дүгнэдэг. Магадгүй тэр үед С.Баяр ийм шийдвэр гаргаагүй бол яах байсан бэ? гэж. Эргээд бодоход тэр үед иргэд дахиад жагсахад, дахиад л буудалцахад бараг бэлэн байсан мэт. Украинчуудыг бид хөөрхий зовсон ард түмэн л гэдэг. Гэхдээ тэд юунаас болоод зовсныг нь бид тэдний гашуун зовлонг нь давтах учиргүйгээ мэдэрдэггүй. Мэддэггүй биш шүү.
Амьдрал дээр бол аав ээж нь архи ууж хоорондоо зодолдсон айлын хүүхдүүд гудамжинд л гардаг. Ерээд оны траншейний хүүхдүүд ихэнх нь ийм шалтгаанаар гэрээсээ дайжсан талаар манай хууль цагдаагийн зөндөө л ярьдаг байсан биз дээ.
Тэгвэл монголчууд бол Монгол гэдэг өрх айлын хүүхдүүд. Төрсөн хүүхдүүдээ яавал ч яаг гээд хаячихдаг аав ээж байж болох ч төр нь ийм заваан зан гаргавал бид яг украинчуудын араас орно.
Парламент бол төр. Тиймээс парламентад суудалтай бүх намууд төрийг төвшитгэх үүргийг , хариуцлагыг нь адилхан хүлээх ёстой. Ямар үлгэрт гардаг үнэг чоно хоёр биш дээ. Засаг барьснаараа ачаагаа чи үүрээд янцаглахыг нь бид янцаглая гэх хэрэггүй биз.
АН, МАН засагт хамтрах хэрэгтэйг ганц олонх ч хүсээд байгаа ч юм биш. Ерөөсөө л эдпийн засаг та нар эвлэрээд, хамтраад намайг босгоод өгөөч ээ гээд гуйгаад байна шүү дээ. "Тусгаар тогтнол"-ын ордон хавиас сонсогдож байгаагаар бол Ерөнхий сайдын зүгээс илгээсэн урилгаас болоод Ардын нам цөөнх болон олонх хэмээн хоёр хуваагдчихаад байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр нар засагт хамтрахыг эсэргүүцэж байгаа гэх. Гэхдээ эдийн засаг гүн шоконд ороогүй нөхцөлд намаа бодох хэрэгтэй хэмээн гөжүүдэлж суугаа тэдний зөв ч байж болно. Гэвч, одоо Ардын намыхан "буйдантай жагсаал" хийж, бүлэггүй хоёр жил явсныхаа хариуг АН-аас авах цаг яавч биш юм. Яг ийм учраас өнөөдөр Ардын намынхан амиа хичээх үү, ард түмнээ бодох уу гэдгийг нь харъя.
С.Баярын байгуулсан Хамтарсан Засгийн газрын үед элгээрээ хэвтсэн барилгын салбарыг сэргээж, Оюутолгойн гэрээг үзэглэснээрээ Монголын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Үүнийг яагаад ч үгүйсгэж чадахгүй. Тэгвэл парламентад суудалтай намууд, ялангуяа АН,МАН хамтран Оюутолгойг гацаанаас нь гаргаж, Тавантолгойг урагшаа хөдөлгөж, дэд бүтцийн томоохон төслүүдээ яаралтай хэрэгжүүлж хямралаас гаргахаас өөр сайн жор харагдахгүй байна.
Сүүлийн нэг хоёр жил эдийн засаг улс төрийг дагаад савлах болсон. Дээшээ, доошоо, урагшаа, хойшоо огцом савалгаан дунд монголчуудын амьдрал ч бүр тарамдаж дуусах нь шинжтэй. Инфляци, экспорт, импорт, долларын ханш, ДНБ гээд бүгд савалгаатай, гол үзүүлэлт муудсан, ерөнхийдөө байдал маш муу гээд дүгнэчихэж болно. Тэгэхээр хоёр тийшээ хараад хэдэрлээд хэрэлдээд байлгүй сэхээнд орсон эдийн засгаа хэрхэн аврах талаар бодлогоо хамтран боловсруулсан нь дээр биш гэж үү, намууд аа.
Жижиг хов хөөцөлдөж, том зорилго умартвал МАН-ынхан АН-аас хариугаа авах биш харин ч ард түмнээ зовлонд унагах болно. Ард түмэн үүний төлөө Ардын намд 26 кпоп өгөөгүй юм шүү дээ.
Мэдээж, эдийн засгаа сэргээхийн тулд маш их хөдөлмөр, цаг зав зарцуулна. Нэг жил, хагасын хугацаанд эдийн засаг сэргэнэ гэхэд итгэхэд бэрх ч гаднаас хэн нэгэн шидтэн ирээд бидний зовлонг нимгэлж өгөхгүйгээс хойш асуудлаа адилхан л үүрээд, шийдээд явах л ганц зам бий. Энэ замаар нэг бол хамтдаа явах. Эс бол цуварч яваад турж үхэх л сонголт монголчууд бидний өмнө тулгараад байгаа юм. Туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд цувж яваад турж үхээ гэж ард түмэндээ арай ч хэлэхгүй биз.
Эдийн засгаа эхлээд тогтворжуулж, урт удаандаа сэргээхийн тулд АН, МАН аль аль нь үүрэг хүлээсэн цэрэг шиг ажиллах ёстой. Яагаад гэвэл арван зургаан оны сонгуулиар АН ч МАН адилхан дүнгээ тавиулна. Энэ нь одоо МАН-д намаа нэгдүгээрт тавих эрх байхгүй гэсэн үг. Хэрэв тэд засагт хамтрахгүй гэвэл усанд живж байгаа ард түмнээ орхиод зугтаж байгаатай адилхан харагдах учраас тийм гоомой шийдвэр гаргахгүй биз. “Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг” үнэн ч, Ардын нам гуйлгахын гайхамшиг эдлэхийн хэрээр ард түмэн, улс орны амьдралд доройтсоор л байна. Доллар гэхэд 1900 давчихлаа. Тэгэхээр Ардын намыг одоо л харъя. Тэдний нэн тэргүүний эрх ашиг нь нам уу, эсвэл улс орон уу гэдгийг.
Ж.НЯМСҮРЭН