“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал эмгэнэл илэрхийлэв

“Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Өмнөговь аймаг дахь төслийн талбайд ажилтнуудтай уулзалт хийж, саяхан болсон осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.

Камерон МакРей дагалдан яваа удирдах бүрэлдэхүүний хамт өнгөрөгч бямба гаригт төслийн талбайд очмогцоо ажилчидтай уулзсан байна. Уулзалтын эхэнд тэрбээр осол гарч, хүний амь эрсдсэнд харуусч буйгаа илэрхийлээд аврах алба болон төслийн бусад бүх ажилчдад энэ хүнд цаг үед хүчин чармайлт гарган ажиллаж буйд талархал илэрхийлжээ. “Өнгөрсөн пүрэв гаригт бидний хоѐр хамтран зүтгэгч харамсалтайгаар осолдлоо. Та бүхэн миний нэгэн адил талийгаачдын ар гэр, найз нөхөд, хамтран ажиллагсадтай тэдний уй гашууг хуваалцаж буйд талархаж байна. Компанийн зүгээс нэн тэргүүнд талийгаачдын ар гэрт тусламж үзүүлж, өөрийн болон гэрээт байгууллагуудын ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллах болно. Түүнчлэн энэхүү ослоос сургамж авч үйл ажиллагаандаа шаардлагатай өөрчлөлтүүдийг шуурхай хийх нь чухал юм.” хэмээн Камерон МакРей цохон тэмдэглэсэн байна.

Уулзалтын үеэр нийт ажиллагсад нэг минут босч зогсон, осолд өртсөн ажиллагсдын дурсгалыг хүндэтгэлээ. “Оюутолгой”-н удирдах баг төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбар нэгжүүдийн ажиллагсадтай уулзсаны зэрэгцээ ажиллагсад өөрийн ажлын байрны аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг явуулсан байна.

“Оюутолгой”-н зүгээс ослын талаар нарийвчилсан шалгалтыг эхлүүлсэн. Уг шалгалтад дэмжлэг үзүүлэх “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, “Флюр”-ын аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг өнөөдөр төслийн талбайд очоод байна хэмээн “Оюутолгой” ХХК  албан мэдээндээ өгүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж