Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүүгийн албан тушаалыг тодорхой болгожээ. “KCNA” агентлаг Ким Ё Жоны албан тушаалыг Намын төв хорооны засаг захиргааны хэлтсийн дэд дарга гэж мэдээлэв. Тиймээс 26 настай Ким Ё Жон нь Хойд Солонгосын удирдагч ахынхаа дотны, нөлөө бүхий зөвлөх болж байна.
Ким Ё Жон нь анх 2011 оны арванхоёрдугаар сард эцэг Ким Чен Ирийг оршуулах ёслолын үеэр олны өмнө ил гарсан аж. Үүнээс хойш тэрээр улс төрийн зарим үйл ажиллагаанд ахдаа хань болж оролцох болжээ. Хойд Солонгосыг ажиглагчдын үзэж буйгаар Ким Ё Жон нь авга эгч Ким Гён Хитэй ижил үүрэг хүлээх бололтой. 68 настай Ким Гён Хи нь өөрийн ах, өмнөх удирдагч Ким Чен Ирийн дотны зөвлөх байсан бөгөөд Хөдөлмөрийн намд дээгүүр албан тушаал хашдаг байжээ. Гэвч тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард нөхөр Чан Сун Тэк нь урвагч хэмээн цаазлуулснаас хойш олны өмнө гарахаа больсон байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse