Египетийн шүүхээс “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний жагсаалд оролцсон гэх шалтгаанаар 78 хүүхдэд шоронд хорих хатуу шийтгэл оноожээ. Шүүхээс 13-17 насны хүүхдүүдэд таван жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ял оноосон байна. Гэвч хүүхдүүдийн зарим нь жагсаал, цуглаанд оролцоогүй зүгээр л тэр хавиар явж байгаад баривчлагдсан гэдгийг өмгөөлөгч нь мэдээлжээ. Үүний зэрэгцээ Египетийн Засгийн газар өчигдөр /XI.26/ сөрөг хүчнийхнийг дарах, аливаа жагсаал, цуглааныг хумих зорилготой “террористын эсрэг” нэртэй хуулийг баталсан байна.
Египетийн цэргийнхэн өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг, “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний хамт Засгаас зайлуулсан юм. Үүний дараа “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн хомроглон баривчлагдах хүртлээ цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаал, цуглаан хийсээр байжээ. Египетийн Засгийн газраас “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг “террорист бүлэглэл” хэмээн зарлаж, лидерүүд, олон мянган гишүүд, дэмжигчдийг нь баривчлан хорих ялаар шийтгээд буй юм. Мухаммед Мурсийг зайлуулснаас хойш гарсан жагсаал, үймээнээс болж Египетэд 1400 хүн амь үрэгдэж, 15 мянга гаруй хүн шоронд хоригджээ. Мөн Мурсийг дэмжигч 528 хүнд Египетийн шүүх цаазаар авах ял оноосон билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС