ФИБА Японы сагсан бөмбөгийн холбоонд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

ФИБА Японы сагсан бөмбөгийн холбоонд хориг тавилаа

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр /ФИБА, FIBA/ Японы сагсан бөмбөгийн холбоонд (JBA) хориг тавьснаа албан ёсоор мэдэгдэв. Японы сагсан бөмбөгийн холбоо ФИБА-гийн тавьсан хэд хэдэн шаардлагыг биелүүлээгүйн улмаас аливаа спортын арга хэмжээнд оролцох эрхээ хасуулсан байна. Энэ шийдвэрийг ФИБА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд Японы сагсан бөмбөгийн холбоо нь “ФИБА”-гаас тавьсан дараах шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзжээ. Эдгээр нь,

 

  • Холбоондоо бүтцийн өөрчлөлт хийж, ФИБА-гийн Ерөнхий дүрэмд бүрэн дүүрэн нийцүүлэх
  • Хоёр лигийг нэгтгэн, тэмцээнийг сагсан бөмбөгийн албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулах
  • 2020 оноос хойшхи Японы эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн спортын төлөвлөгөөг тодорхой танилцуулах зэрэг шаардлага байжээ.  

Ийн Японы сагсчид олон улсын болон Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах аливаа тэмцээн, уралдаанд оролцох эрхгүй болж байгаад ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Олон улсын Олимпийн хорооны (IOC) гишүүн Патрик Бауманн харамсаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ тэрээр Японы сагсан бөмбөгийн холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх цаг болсон гэдгийг онцолсон байна. Энэ үйл явдалтай давхцсан Японы сагсан бөмбөгийн холбооны дарга Ясухико Фукацу болон Сагсан бөмбөгийн үндэсний лигийн дарга Мицуру Маруо нар огцорсон нь удирдлагын түвшинд асуудал үүссэнийг гэрчилсэн хэрэг боллоо гэж эх сурвалжууд үзэж байна.

Эх сурвалж: “AIPS” албан ёсны вэб хуудас

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж