БНХАУ-ын Чиндао хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (11.19-21) боллоо. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд 32 орны 215 жүдоч өрсөлдсөн юм. Тэмцээнд ОХУ-ын баг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол манай жүдочид нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 11 дүгээр байрт шалгарлаа.
Манай улсаас ОУХМ Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа нарын ахалсан эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн +100 кг-д энэ оны дэлхийн залуучуудын аварга Ө.Дүүрэнбаяр мөнгө, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д спортын мастер Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
Дашрамд дуулгахад, Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Гран При тэмцээний энэ оны хамгийн сүүлчийн тэмцээн БНСУ-ын Чежүд энэ сарын 27-29-ны өдрүүдэд болно. Токиогийн Их дуулгын тэмцээнээс 7 хоногийн өмнө болох энэ удаагийн Гран При тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, БНСУ-ын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.
Ч.БОЛОР