Ажил оройтож тарсны дараа цагт хавчигдан ажлынхаа өрөөнд төрсөн өдрийн ширээ засаад тойрч суусан бидэн дээр Амундра нэгдэж, ам жаахан халсан ах хүү маань төд удалгүй “Аль газраас “Ардын эрх”-ийн амыг барих гэж ирсэн амьтан бэ, чи” гээд л аваад хаяж билээ. Тэр бол бидний хувьд хамгийн их ачаалалтай, бас хамгийн тод дурсамжтай үе. Долоо хоногийн таван дугаартай өдөр тутмын сонин дээр хоногийн 24 цаг контент нийлүүлдэг үндэсний хэмжээний мэдээллийн сайтыг хөл дээр нь босгоно гэдэг амаргүй даваа байлаа л даа. Сайтдаа өдрийн 200 контент нийлүүлж, 16 нүүр сонин хийнэ гэдэг сэтгүүлч, редакторуудын аль алинд нь ахадсан ачаа байсан байх. Төслийн удирдагч нь Амундра. Түүний толгойноос гарахгүй санаа ч гэж үгүй, бид ч түүнээс нь ухарсан удаагүй. Галзуу хулгана дээр суусан мэт л эрчилсэн их ажилтай нэгэн оныг үдэж билээ.
Тэр жилдээ “News.mn” Монголын хамгийн их уншигчтай, мэдээллийн хамгийн том сайт болж, хэвлэл мэдээллийн ертөнцөд хүндэтгэл хүлээхүйц байр суурьт хүрсэн юм. Үүний дараа л бид нэг их урт амьсгаа аваад, “Бид өөрчлөлтөөс айхаа больсон улс” хэмээн бие бие рүүгээ догь аргагүй ирмэцгээж билээ. Англи хэл дээр хөрвүүлэгтэй анхны монгол сайт, анхны видео мэдээ, анхны шууд дамжуулалт, гар утасны хувилбар гээд туршаагүй, хийгээгүй зүйл “News”-ийнхэнд байгаагүй. Тэр тоолонд сайтын хэрэглэгчид хэдэн арван мянгаар тэлж, алжаал ядаргаа маань урам зориг болон хувирдаг байлаа. Уншигч редакцийн хооронд жинхэнэ “амьд” холбоо бий болж, бие биенээсээ суралцаж эхэлсэн. Хамгийн идэвхитэй уншигчид маань хамгийн хэрэгтэй эх сурвалж болж, бас хамгийн сайн шүүмжлэгчид, хамгийн их урмаар угжигчид нь мөн л уншигчид маань байлаа. Сар шинийн барилдааны мэдээ цагаасаа ялимгүй хоцроход сэтгэгдлээр уралдаад хийчихдэг, амралтын өдрөөр албан газраараа зугаалганд явчихвал “Мэдээгээ хийгээч ээ” гэж араас хонходдог. Тийм л шаламгай, ийм л хэлэмгий, хэцүү уншигчид биднийг “ташуурддаг” байлаа. Ташуурдуулсан морь сугардаг биз дээ.
“News.mn”-ээс өмнө Монголд цөөнгүй мэдээллийн сайт байсан. Olloo.mn, Zaluu.com, Banjig.net гээд. Гэхдээ л “News.mn” мэдээллийн ертөнцөд цоо шинэ эргэлт болсон юм. Үүний шалтгаан нь магадгүй, сайн удирдагч сайхан хамт олныг зохион байгуулж чадсанд байдаг байх. “Ардын эрх”-ийн хамт олон, найз нар, дүү нар, эгч нартаа, Мийгаа ахдаа чин сэтгэлийн баяр хүргэе!
Сэтгүүлч Ц.БУЛГАНЗАЯА