Ийм байхад агаарын бохирдлыг бууруулах уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Ийм байхад агаарын бохирдлыг бууруулах уу?

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг гарц нь гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх явдал гэж үзэн, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг нь 50 хувь хөнгөлөхөөр болж, УИХ хууль батлан Засгийн газар хэрэгжүүлэх даалгавар авсан ч бодит амьдрал дээр үлгэр болж төгсч байна.

Учир юу вэ гэвэл, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэн Е амины орон сууцаа цахилгаан халаагуураар халаахаар шийдэж,  холбогдох бүхий л бичиг баримтуудаа бүрдүүлэн, Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан 2014 оны есдүгээр сард өгсөн ч өнөөдрийг хүртэл нааштай хариу авч чадалгүй хүлээж сууна.

Уг нь Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд асуудлаа анх тавихад холбогдох хүмүүс гэрт нь ирж, цахилгааны шийд зэргийг нь үзээд “Хариу өгнө” гээд явсан байгаа юм. Энэ хооронд бараг 10 шахам удаа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж, хариу нь хэзээ гарахыг асуусан. “Эхлээд хүлээж бай” гэсэн хариу өгдөг байсан бол дунд үед нь “Танайх цахилгааны төлбөрөө хийгээгүй байна. 120 мянга орчим төгрөгийн өртэй байна” гэсэн хариу өгч, гэрийн эзнийг гайхашруулжээ.

Цахилгааны төлбөрөө цаг тухай бүрт төлж ирсэн болохоор тэрээр “Эндүүрэл гарсан байх. Дахин нягталж үзээч” гэж, тус төвийн ажилтанд хэлэхэд “Бүртгэл нь давхардсан байна, гэхдээ л энэ төлбөр хийгдэхгүй бол танайд цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.  Хэдий ийм бүтэлгүй хариу сонссон ч цахилгааны төлбөрөө хийгээгүй гэрийн эзэнтэй иргэн Е уулзаж, учир байдлаа хэлсэн байгаа юм.

Ингээд хэд хоногийн дараа иргэн Е дахин Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж, асуудлаа хэлэхэд  “Танд хэлээд явуулсан биз дээ. Цахилгааны хүчдэл хүрэхгүй” гэх хариуг өгч…

“Болно бүтнэ, ийм, ийм бичиг баримт бүрдүүлээд ир” гэж хоёр сарын турш шогшуулсны эцэст “Болохгүй” гэдэг хариуг өгсөн байгаа юм. Уг нь Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо орчимд цахилгааны хүчдэл унах тохиолдол бараг гардаггүй гэж хэлж болно. Ойр орчимд нь байшингаа цахилгаан халаагуураар халаадаг айл бараг үгүй. Чанх урд байрлах айл нь өнгөрсөн жилээс цахилгаан халаагуур тавьсан. Өөрөөр хэлбэл, тэр хавьдаа бараг хоёр дахь айл нь гэж хэлж болно.

Дээр нь иргэн Е тэтгэврийн зээл авч 700 мянга гаруй төгрөгөөр цахилгаан халаагуур худалдаж аваад байшиндаа тавьчихсан байдаг. Анхнаасаа болж бүтэхгүй гэдэг үгийг хэлсэн бол нүүрсээ худалдаж аваад түлсэн нь энэ хүнд цаг үед хэчнээн тустай байх билээ.

Бас нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 70047004 дугаарын утсанд охин нь хандаж дээрх байдлыг тайлбарлахад гомдлыг нь хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс эргэж утсаар холбогджээ. Тэрээр “Өвөөгөө маргааш явуулчих. Их олон удаа ирж байгаа, мэднэ. Цахилгааны хүчдэл хүрэхгүй гэсэн асуудал байхгүй. Манайхаас хүмүүс очиж, шалгаад “Болно” гэсэн шийдвэр гарсан юм байна. Маргааш ирээд гэрээгээ байгуулчих аа” гэж хэлжээ. Хэлсэн ёсоор нь маргааш өглөө очиход “Хэлээ биздээ, боломжгүй” гэдэг хариуг дахин өгч мухардалд оруулсан байгаа юм.

Ийм байдлаар Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаад буцаж буй хэчнээн иргэн байгаа бол… Төрийн хүнд суртал багаслаа л гэдэг. Гэтэл бодит байдал ийм л байна. Ийм байхад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж чадах уу?.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж