Тарамдсан ахуйн үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2014.11.27-нд нийтлэгдсэн

Тарамдсан ахуйн үйлчилгээ

Дээхэн үедээ бол аймагт бүрт ахуйн үйлчилгээний төв ажилладаг байлаа. Ёстой л ажил амьдрал буцалсан газар байж билээ. Амралтын өдрийн өглөө ээж маань эртлэн босч зан тавиулах гутал, засварт өгөх цахилгаан бараагаа бариад намайг хөтлөөд гарч өгнө. Засвар дуусахыг  хүлээх зуураа үсээ засуулж, зүсээ гоёно. Цагныхаа зайг солиулчихна. Гутал засварын газрын хормогч зүүсэн танил эгчийн зан сайтайг хэлэх үү ээжийг хүлээх зуураа гуталдаа тах хадуулчихна. Аргагүй л “Ахуйн үйлчилгээний төв” нэрэндээ таарсан бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн газар байсан юм. Улаанбаатарт бол “Урт цагаан” гэж алдартай ахуйн үйлчилгээний төв байсан даа.  Тухайн үеийн ахуйн үйлчилгээний салбар нь өнөөгийн хөнгөн аж үйлдвэрийн тулгын чулууг тавьсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ахуйн үйлчилгээний салбар нь салбарын яамны бүтэцтэй байсан төдийгүй  аймаг бүрт ахуйн үйлчилгээний комбинат 14, төрөлжсөн үйлдвэр дөрөв, сум, суурин газарт ахуйн үйлчилгээний 181 төвтэй, нийтдээ 2100 гаруй цэг салбарт 31600 ажиллагсадтай томоохон салбар байсныг ахуйн үйлчилгээний салбарын ахмадуудан дурсамж, дурдатгалаас  харж болно.  Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс ахуйн үйлчилгээний салбар төрийн мэдлээс гарч, өнөөг хүртэл нэгдсэн бодлого, зохицуулалтгүй, урсгалаараа явж иржээ.

 

Барилга байшингийн хонгил, булан тохойд хавчуулагдсан  ахуйн үйлчилгээний салбараас арай дөмөгхөн хөгжсөн нь үсчин гэж болно.

Үс гэдэг өдрөөр бус цаг, минутаар ургаж байдгаас тэр биз. Дагалдаад гоо сайхны үйлчилгээ дориун өссөн. Ямартай ч хаанахын хэнбугайгаас дутахааргүй салон, үсчин, гоо сайханчидтай болсон. Олон улсын тэмцээн уралдаанаас энгэрээ цоолох хэмжээний чадварлаг үсчид ар араасаа төрөн гарсаар байгаа.

Гутал хувцас засварын тухайд хуучин цагийн хөгшин хужаа нарын сүүлч нь одоо ч гутлаа зассаар л байгаа. Тэдний ажиллуулдаг зай багатай засварын газраас гадна  “Гутлын салон” саяхнаас бий болсон. Гутлыг засахаас гадна угааж, дотрыг нь сольж, өргөнөөс нь хасч, урт хоншоорыг нь богиносгож, түрийг нь ихэсгэж, багасгаж болдог гэсэн ойлголт олны дунд түгээд байна. Хувцас захиалгын газруудын орлого бүрдүүлдэг гол үйлдвэрлэл нь үндэсний хувцас. Хуучин цагт айлын эзэгтэй нар  бүгд  дээлээ оёод өмсчихдөг байсан бол өдгөө утас зүү нийлүүлж үзээгүй эхнэр олон болжээ. Энэ нь хувцас захиалгынхныг ажилтай байлгадаг гэж хэлж болно. Өмдний шуумгийг  3000-5000 төгрөгөөр хасдаг гээд бодохоор ганц  цахилгаан машин тавьсан оёдолчны гэр бүл хоосон хонохгүй гэсэн үг. Харин тэдний үзүүлж буй үйлчилгээний чанарыг дүгнэхэд тун бэрх. “Таны хувцасны өнгөнд тохирсон утасгүйгээс ойролцоо өнгийн утсаар шаглачихаас” гээд сууж байж ч чадна. Цагаан өнгөтэй хувцсыг бол сааралдуу болгоод өгч мэднэ. Ажиллаж буй газар нь орон сууцны хонгил болохоор тэр.

Ахуйн үйлчилгээний салбараас хамгийн их эрэлттэй хэр нь хамгийн найдваргүй, хамгийн эргэлзээтэй үйлчилгээ бол гэр ахуйн цахилгаан бараа, электрон хэрэгслийн засвар юм. Хуучин бууны хугархай гэдэг шиг Урт цагаанд цөөн хэдэн цахилгаан барааны засварчин ажилладаг ч засдаг нь ховор. Ихэнхдээ л толгой сэгсрээд буцаана. Цахилгаан бараа гэхээсээ илүү зурагт, засвар, хөргөгч засвар гээд төрөлжсөн болохоор индүү, тоос сорогч, ус буцалгагч, холигч гээд өдөр тутам хэрэглэдэг цахилгаан хэрэгслийг засах хүнгүй болоод удаж байна. Эвдрэх тоолонд шинийг худалдан авах бяртай нь хэд билээ. Гайхсан гэрийн эзэд өөрсдөө задалж үзээд, тарааж хаяхаас аргагүйд хүрч байна. За тэгээд тоочоод байвал хими цэвэрлэгээ, цоож онгойлгох, түлхүүр олшруулах үйлчилгээ, цаг засвар, нүдний шил захиалга, засвар, алт, мөнгөн гоёл чимэглэл, үнэт эдлэл, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, гэрэл зургийн үйлчилгээ, халуун ус, бассейн, айл гэр, албан байгууллага цэвэрлэх, нүүлгэх  үйлчилгээ, хивс цэвэрлэгээ, автомашин угаалга, цүнх чемодан засвар гээд тун олон салбар ахуйн үйлчилгээнд багтдаг. Энэ бүх үйлчилгээ хүмүүст хэрэгтэй, өөрт ашигтай  учраас хувь хүмүүс нээж ажиллуулдаг. Хэрвээ ашиг багатай болчихвол дуртай цагтаа хаахад бэлэн гэсэн үг.

Түүнчлэн 20 орчим нэр төрлийн ахуйн үйлчилгээг 20 өөр газраас эрж хайж, арайхийн олдог. Үсчин гоо сайханчид л нэг нь нөгөөгөө сүүдэр мэт дагаж байдгаас бусад нь нэг уулын бэлээс нөгөө уулын орой хүртэл алхуулах нь хэвийн үзэгдэл.  Тиймээс тарж бутарч,  тал талд тусгаар тогтносон ахуйн үйлчилгээг нэг төвд төвлөрүүлж, хүмүүст ойртуулахын дээр чанартай үйлчилгээг чухалчлах цаг болсон мэт.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж