Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ИКАО-тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээнд Гүйцэтгэлд тулгуурласан навигаци /PBN/-ийн үйлчилгээг нэвтрүүлэх, агаарын хөдөлгөөний урсгал зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн Бүсийн гишүүн улс орнуудын Иргэний нисэхийн ерөнхий газруудын дарга нарын 51 дэх удаагийн хуралд оролцож буй ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн ИКАО-гийн удирдлагатай техникийн туслалцааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтын ажилллагааны хүрээнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, агаарын зайн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийг дадлагажуулах, нислэгийн удирдагчид, нислэгийн журам зохиогч болон агаарын навигацийн үйлчилгээний бусад мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, PBN-ний нислэгийн журмуудыг баталгаажуулах чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.
Д.ЦЭЦ