Мастерийн гоол үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Мастерийн гоол үргэлжилсээр

“Нийслэл лиг”-ийн тэмцээн үргэлжилсээр… Амралтын өдрүүд болон өнөөдөр сонирхолтой тоглолт үргэлжлэн явагдлаа.

Лигийн тэмцээний 20 дахь тоглолтод саяхан нээлтээ хийсэн “FC Ulaanbaatar” клуб талбай дээрээ ХасБанкны “Хүлэгүүд” багийг хүлээн авлаа. Бөмбөг эзэмшилт, довтолгооны хувилбараар “Хүлэгүүд” баг илүү байж энэхүү тоглолтод 3:1 харьцаатай ялалтыг авчирсан байна. Энэ тоглолтод ДАШТ-ний урьдчилсан тоглолтод Монголын шигшээ багийн хамгийн анхны гоолыг тэртээ 2001 онд Бангладешийн хаалганд хийж байсан Олон улсын хэмжээний мастер Д.Баярзориг гоол хийснээр залуучуудаас дутахааргүй формтой байгаагаа харуулсан үйл явдал боллоо. Үлдсэн гоолыг багийн ахлагч Б.Мөнгөнтулга, Т.Батмөнх хийсэн бол эзэн багийн гоолыг Б.Амартүвшин хийлээ.

21, 22 дахь тоглолт амралтын өдрүүдээр болсон бөгөөд эхний өдөр “Сэлэнгэпресс” баг талбай дээр лидер “Хоромхон” клубыг хүлээн авлаа. Лигийн тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж байгаа “Хоромхон”-ы Х.Амгалан өөрийн 7 дахь гоол хийсэн бол “Сэлэнгэпресс”-ийн залуу тоглогч Г.Мөнх-Эрдэнэ өөрийн 3 дахь гоолыг хийснээр тоглолт эвийн гэрээтэйгээр дууслаа.

Ням гарагт болсон 22 дахь тоглолтод хожил авч чадаагүй байсан Лигийн 6 удаагийн аварга “Эрчим” клуб  “Улаанбаатар Дээд Сургууль”-ийн талбай дээр зочилж очиж тоглосон байна. Заавал хожиж байж бусдаасаа хол хоцрохгүй байх хүндхэн даалгаврыг спортын мастер Батнасангийн шавь нар онц биелүүлсэн байна. Ингэснээр тэд 5 оноотой болж бага ч гэсэн амьсгаа авахтайгаа боллоо. Гоолыг японы легионер Минами Ёсукэ, Э.Пүрэвсүрэн нар хийсэн бол эзэн багийн нэр төрийн гоолыг Б.Ганзориг хийсэн байна. Лигийг хожлоор амжилттай эхлүүлж байсан Улаанбаатар Дээд Сургуулийн багийн гол гол тамирчдын бэртэл, гэмтэл тэдний тоглолтод шууд нөлөөлсөөр байна.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдрийн 23 дахь тоглолт “Хүлэгүүд” баг өөрийн талбай дээр “Улаанбаатарын мазаалайнууд” багийг хүлээн авлаа. “Хүлэгүүд” багийн тамирчид тоглолтоос тоглолтод бие биенээ ойлгох чадвар ихэссээр байгааг харууллаа. Олон улсын хэмжээний мастер Д.Баярзоригийн гоол дээр багийн гоолын машин Б.Нямжигжидийн 2 гоол орсноор 3:0-ийн харьцаатайгаар бут ниргэсэн байна. Ингэснээр мэргэн буучдын нэрсэнд Нямжигжид 5 гоолтойгоор 2-т орж ирсэн бол ОУХМ Баярзориг 4 гоолтойгоор  мэргэн буучдын жагсаалтанд орж ирлээ.

Маргааш буюу 24-нд Эрдэнэт хотноо лигийн хомоол хамагчдын дунд тоглолт болно. Өнгөрсөн жилийн Лигийн аварга Хангарьд клуб 5 оноотой явж байгаа бол “Лигийн шинэ цэрэг” FC Ulaanbaatar 4 оноотойгоор тэд халз тулах нь. Мэдээж аль хожсон нь амьсгаа авах тул тун хариуцлагатай тоглолт явагдах нь ойлгомжтой. Нэгэн мэдээ дуулгахад FC Ulaanbaatar клуб солилцооны цонхоор 2010 оны ДАШТ-нд оролцож байсан Ардчилсан Солонгосын 2 тамирчинг авах гэрээ байгуулсан байна. Ингэснээр тэд 2 дугаар үеэс улам их хүчирхэг бүрэлдхүүнтэйгээр лигийн тоглолтод оролцож эхэлнэ. Солилцооны цонх 7 дугаар сарын 01-нд нээгдэж 7 дугаар сарын 15-нд хаагдах ажээ.

Лигийн тэмцээний хүснэгт:

Хоромхон /Сүхбаатар дүүрэг/                    6 тоглолт     14 оноо
Хүлэгүүд /Сүхбаатар дүүрэг/                    6 тоглолт     12 оноо
Улаанбаатар Дээд Сургууль /Баянзүрх/    6 тоглолт     8 оноо
Сэлэнгэпресс /Баянзүрх/                          6 тоглолт     8 оноо
Улаанбаатарын мазаалайнууд /Хан-Уул/    6 тоглолт     6 оноо
Хангарьд /Орхон аймаг/                            5 тоглолт     5 оноо
Эрчим /Баянгол/                                       6 тоглолт     5 оноо
FC Ulaanbaatar /Чингэлтэй/                       5 тоглолт     4 оноо

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж