Тариалалт 60 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Тариалалт 60 хувьтай байна

Хаврын тариалалтын явцын талаар болон ирэх зуны цаг агаарын байдал ургацад хэрхэн нөлөөлөх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.

-Тариалалтын явц ямар байна вэ, зургадугаар сарын 1-нээс өмнө дуусгана гэсэн төлөвлөгөөндөө амжих нь уу?

-Өнөө өглөөний байдлаар орон даяар үр тарианы тариалалт 60 хувь, төмсний тариалалт 40 хувь, хүнсний ногооны  тариалалт 32 хувьтай байна. Тариаланчид технологийн хугацаа буюу зургадугаар сарын 1-нээс өмнө тариалалтаа дуусгахаар маш шаргуу ажиллаж байна. Энэ эрчээрээ ажиллаж чадвал товлосон хугацаандаа дуусгах боломжтой.

-Цаг агаарын байдал тариалалтад хэрхэн нөлөөлөх вэ, өнөөдрөөс зарим нутгаар хур тунадас орох төлөвтэй тухай мэдээ байна?

-Тариалалтын явцад хур бороо үнэхээр садаа учруулж болзошгүй юм. Гэхдээ тариаланчид аль болохоор хугацаандаа амжиж тарихаар ажиллаж байна.

-Ирэх зуны цаг агаарын төлөв ямар байх бол, хэт их халж болзошгүйг сэрэмжлүүлж байна?

-Ирэх VI, VII сард олон жилийн дунджаас 1-1,5 хэм илүү халалттай, хур тунадас олон жилийн дундаж хэмжээнд байх төлөвийг мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн. Харин есдүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бололтой.

-Их халалтын үеэр төмс, хүнсний ногоонд нэмэлт арчилгаа шаардагдах уу?

-Ер нь хаврын тариалалт эхлэхээс өмнө хур тунадас сайн орсон. Хөрсний чийгийн хангамж нэлээн сайн байгаа гэж хэлж болохоор. Мэдээж, төмс, хүнсний ногоонд арчилгаа хийх шаардлагатай. Цаг агаарын байдлаас илүүтэй тариаланчид технологийн хугацаанд тариалалтаа дуусгах нь хамгийн чухал байгаа.

-Есдүгээр сард их хэмжээний хур тунадас орвол тухайн үед үр тарианы болц хэр гүйцсэн байх бол?

-Үр тарианы болц наймдугаар сар гэхэд гүйцнэ. Есдүгээр сарын хур тунадас тариалалтад гэхээсээ илүү хураалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс бид одооноос буудай хураах техник, тоног төхөөрөмжөө базааж байна. Төсвийн хөрөнгөөр комбайн, цэвэрлэх машин нэлээд орж ирнэ. Мөн аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн хөрөнгөөр буудай хураах тоног төхөөрөмж оруулж ирж байгаа.

-Хөдөө, аж ахуйн техник тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг тэглэсэн байгаа. Татвар тэглэх хугацаа энэ оны эцсээр дуусгавар болох тул тариаланчид хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Энэ асуудал аль шатандаа явна вэ?

-Хугацааг сунгах талаар яригдаж байгаа, одоохондоо эцсийн шийд гараагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих, тариаланчдадаа таатай боломж бүрдүүлэх үүднээс аль болох хугацааг сунгахаар ажиллаж байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж