Түүхий эдийн биржийн тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Түүхий эдийн биржийн тухай хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагийн орчимд эхэллээ. Тус хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Эл хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хоршоо байгуулж чадаагүй байж, түүхий эдийн бирж байгуулах нь цаг үеэ олсон ажил мөн үү. Эхлээд хоршооныхоо үйл ажиллагааг чадавхижуулах шаардлагатай юм биш үү гэлээ. Мөн түүхий эдийн биржийг төрийн өмчийн оролцоотой байгуулна гэж байсныг тодорхой хэмжээгээр хязгаарлахаар өөрчилсөнд хариулт өгөхийг хүсэв.

Уг хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Түүхий эдийн бирж байгуулагдсанаар далд эдийн засгийг ил болгоно. Сум орон нутаг дахь аж ахуйн нэгжүүд хоршоо байгуулж ажиллаа ч түүхий эдээ ямар зохион байгуулалтаар арилжих вэ гэдэг ойлгомжгүй байгаа. Харин бирж байгуулагдсанаар энэ бүхэн цэгцэрнэ” гэлээ.

Харин түүхий эдийн биржийг байгуулахдаа төрийн өмчийн оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарласан нь улстөрийн нөлөөллөөс аль болох хол байлгахыг зорьсонтой холбоотой аж. Түүнчлэн түүхий эдийн биржээр арилжаалах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг төрийн захиргааны төв байгууллага жил бүр батлах бөгөөд эхний ээлжинд улаан буудай, гурил, мах, амьд малыг оруулжээ. Мөн ажлын хэсгийн төвшинд хуулийн төслийг хэлэлцээд нэмж оруулсан нэг чухал заалт нь  төсвийн хөрөнгөөр төрийн байгууллага бараа худалдан авахдаа заавал түүхий эдийн биржээр дамжуулан худалдан авалт хийнэ гэж зохицуулсан байна. Энэ нь дарга нарын дундах далд наймааг ил болгохыг зорьсон арга аж.

Нөгөө талдаа жил бүр УИХ  Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталдаг ч Эрүүл мэндийн яам жишээ нь хэвтэн эмчлүүлэгчдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулж нэг кг үхрийн махыг ямар үнээр худалдан авдгийг мэддэггүй.  Бирж байгуулагдсан цагт дээрх яам хэдий хэмжээний махыг хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалдан авдаг вэ гэдэг нь  ил тод болох аж.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж