Хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгууллаа

Дэлхийн банк Монголын уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэхээр 25 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох болсон. Зээлийн гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сангийн яаманд болж, Сайд С.Баярцогт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс нар гарын үсэг зурав. Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайг дэмжсэн дэд бүтцийн томоохон төслүүдийг хөгжүүлэхэд дээрх хөрөнгийг зарцуулах юм байна. Тухайлбал, уул уурхайн салбарт хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий байгууллагуудаар хийлгэх зардлыг санхүүжүүлэх ажээ. Мөн Монголын өмнөд нутгийн усны нөөцийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэх гэнэ.

“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийг ийнхүү Монголын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг ирэх долдугаар сараас шуурхай хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Зээлийг 20 жилийн хугацаатай олгож буй бөгөөд ямар ч хүүгүй байх аж. Эхний арван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ба сүүлийн 10 жилд нь зээлийн 60 хувийг нь Засгийн газар төлж, 40 хувийг нь Дэлхийн банкнаас гаргах гэнэ. Харин зээлийн шимтгэлд жил бүр зээлийн үнийн дүнгийн 0,75 хувьтай тэнцэх мөнгө төлөх ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж