УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны санхүүжилтээр гэх тодотголтой томоохон дөрвөн төслийн үр дүн, зарцуулсан хөрөнгө зэргийг хэлэлцэнэ.
Тухайлбал Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гурав дахь жилдээ хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл, "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл, "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл, "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслүүдийн талаар зөвшилцаж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.
Дээрх төслүүдийн бодит үр дүн хангалтгүй, асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг Бие даагч гишүүд шүүмжилж байгаа. Тодруулбал төсөл нэрийн дор хэдэн гадаад хүн цалинжуулж, яамны цөөн хүмүүс гадаадад аяладаг байж таарахгүй гэсэн юм.
Хамгийн чухал нь хөнгөлөлттэй зээл гэдэг үнэгүй зүйл биш, бидний үр хүүхдийн төлөх өр учраас хяналттай байх ёстой гэх байр суурийг УИХ-ын гишүүн С.Ганбаатаар илэрхийлсэн. Харин төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн нөхцөл байдал хүнд, төсөв танагдсан энэ үед төслийн мөнгө л аминд орно гэж үзэж буй.
С.ОТГОН