Цомгийн нээлтэд тус хамтлагийн дууг эх хэлнээ дуулсан дуучид хүрэлцэн ирснээс гадна үе үеийн “Битлз”-ийн фенүүд цугласан халуун дулаахан, даруухан үдэшлэг болсон юм. Нээлтийн үеэр “Битлз” хамтлагийн “Rolling stones – The Beatles 100 greatest songs” нэртэй тус хамтлагийн 100 дууны үг, ховор нандин зургийн цомог бүхий сэтгүүлийн дуудлага худалдааг зарлаж, 60 мянган төгрөгөөр худалдаалсан юм. Энэ мөнгийг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийг ивээх сан”-д хандивласан. Мөн цомгийн продюсер, орчуулагч Ж.Буд-Эрдэнэ тус санд видео проекторыг шинэхэн цомгийн хамт бэлэглэсэн.
Цомогт алдарт “Битлз” хамтлагийн есөн дуу багтжээ. “Up Music” продакшны захирал Ц.Чулуунбат, дуучин Ж.Буянаа, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, дуучин Т.Солонго, “Black Stars” хамтлаг, дуучин Э.Оюундарь нар “Битлз” хамтлагийн “Here comes the sun”, “Girl”, “You can’t do that”, “While my guitar gently weeps”, “Yesterday”, “Across the universe”, “The long and winding road”, “Imagine” дуунуудыг дуулжээ.
“Битлз”-тэй холбоотой амьдрал ийнхүү дахин нэг хуудсаар нэмэгдлээ.
Тус цомгийн дуунуудыг орчуулсан продюсер, орчуулагч Ж.Буд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголчуудынхаа сэтгэл, мэдрэмжинд зориулж сайхан орчуулга хийсэн танд баяр хүргэе.
-Хамтын уран бүтээлийнхээ ард гараад, энэ үдэш хүрэлцэн ирсэн хэн бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. Олон жилийн хөдөлмөр шингэсэн урт настай, удаан жаргалтай цомог маань мэндэллээ. Энэ ажлыг дэмжсэн “Skytel” компанид байрлалаа гэж хэлэх байна. Мөн “Sgt.Pepper’s Club” клубын анд нөхдөдөө баярлалаа. “Hi-Fi records”-ын салбар дэлгүүрүүдээр “Tributes to the Beatles” цомог худалдаалагдаж байгаа, сонсоод үзээрэй. Таалагдана гэж найдаж байна.
-Дууны орчуулга хийхэд хэдий хугацаа зарцуулсан бэ. Энгийн орчуулга биш болохоор хугацаа их шаардсан байх?
-Орчуулгын тухайд яривал их сонин түүхтэй л дээ. Жишээ нь, би “Yesterday” дууг 2003 онд орчуулчихсан байсан. Сүүлд цомгоо гаргахын тулд хоёр сарын дотор ерөнхий орчуулгуудыг хийсэн. Гэхдээ цомгоо бичиж байх хугацаанд үргэлж засч, янзлаад явсан. Учир нь орчуулга хийх хоёр, гурван томъёо байдаг. Эквиритм гэдэг нэртэй орчуулга байдаг. Эсвэл үгчлээд орчуулчихаж болно. Тэр нь илүү хялбар. Утгачлаад орчуулчихаж бас болно. Гэхдээ дуулж болох нотны хэмжээнд бол эквиритм орчуулга хийдэг. Үүнд утга санаа, хэлэх гээд байгаа орчуулга бүгд багтдаг учраас үнэндээ энэ орчуулга дээр удаан ажилласан.
-Цомгийн санаа хэрхэн гарав аа?
-Бид анх Жон Ленноны 70 насны ойг тэмдэглэе гэж ярьж байсан. Би үүнийг хэзээ нэгэн цагт ажил болгоод ном болгоё гэж ярьж байсан ч хамтын санал санаачлагаар цомог болон мэндэлсэн дээ.
-Дуучдынхаа сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Бид нар аль дуунд хэн илүү тохирох талаас нь бодолцсон. Энэ дуунд хэн зохих бол хэн илүү ойрхон, хэн гаргаж ирж чадах вэ гэж бодсон л доо. Тэгэхээр дуучдын сонголт бол санаандгүй зүйл биш.
Цомгийн “Imagine” дууг амилуулсан дуучин Т.Солонго:
-“Imagine” дууны хувьд дэлхийн олон орны маш олон дуучид төрөлх хэлээрээ дуулсан байдаг. Өргөн утга агуулга хамарсан дуу. Надад дуулах санал тавьсанд сэтгэл хангалуун байна. Буд-Эрдэнэ ахад баярлалаа гэж хэлье.
-Дууны сонголтоо хэрхэн хийсэн бэ. Өөрөө сонгосон уу?
-Өөрөө сонгоогүй ээ. Буд-Эрдэнэ ах санал тавьсан. Хоёр жилийн өмнө сонгуулийн үеэр рок, попын дуучид нийлээд Буд-Эрдэнэ ахын орчуулсан хувилбараар дуулж байсан. Энэ удаад эмэгтэй дуучнаар дуулуулбал илүү тохирох болов уу гэж шийдсэн юм билээ.
-Дэлхийн алдартай дууг эх хэл дээрээ дуулахад ямар нэг бэрхшээл гарсан уу?
-Жон Ленноны энэ дуу их энгийн дуу. Гэхдээ аливаа юм энгийн тусмаа агуу байдаг шүү дээ. Илүү дутуу зүйл нэмбэл дуу нь эвдэгдээд, ондоо болчих юм шиг санагдсан учраас өөрийнхөө хувьд мэдрээд, цомгийн продюсерийн санааг тусган дуулсан. Дуу маань энгийн учраас энгийнээрээ хүмүүст хүрэх болов уу гэж бодож байна. Хамгийн мэргэн шүүгчид бол сонсогчид, фенүүд маань шүү дээ.
-Уран бүтээлийн сониноосоо хуваалцахгүй юу?
-Уран бүтээлээ түр завсарлачихаад байгаа. “Маэстро” гээд хөгжмийн сургалтын төв нээсэн. Түүндээ л цаг заваа зарцуулж байна даа. Шинэ зууны иргэдийг зөв боловсролтой сонсогчид байгаасай гэж хүсч, итгэж, урлагтаа хүчин зүтгэж байгаа болохоор сэтгэл хангалуун байгаа.