Засгийн газрын Хэрэг эрхлэх газар , Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хагах нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.Гурав дахь удаагаа зохиож буй энэхүү семинар нь Төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдлийн үнэлгээг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой аж. Семинарыг зохион байгуулахад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлж байна. Их тэнгэрийн аманд хоёр өдөр үргэлжлэх семинарт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл , Ерөнхий сайд С.Батболд , УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцож үг хэлнэ. Семинарын эхний өдөр буюу өнөөдөр аймгуудын Засаг дарга нар оролцож Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, биелэлт болон уг төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Харин олон улсын зөвлөх Тони Квок “Авлигын тухай ойлголт , олон улсын туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дөрвөн тулгуурт төлөвлөгөө боловсруулах асуудал” сэдвээр лекц уншсан. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төвшинд авлигын эрсдэлийг үнэлж , шалтгаан нөхцөлийг тодорхойлон хэлэлцсэн юм. Үүний дараа Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөөний төслийг боловсруулж танилцууллаа. Маргааш яам , агентлагуудын удирдах албан тушаалтнууд семинарт оролцож , Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлт болон хэрэгжүүлэх явцад гаргасан шинэ санаачлагын талаар ярилцана. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн ”Яам, агентлагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”-г танилцуулж , асуулт хариулт өрнүүлэх юм. Мөн энэ үеэр семинарт оролцогчид авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэж, зөвлөмж гарган Ерөнхий сайдад танилцуулах юм.
Ө.Чинзориг