Төрийн дэмжлэг хөрсөндөө буухгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Төрийн дэмжлэг хөрсөндөө буухгүй байна

Яг одоо МҮХАҮТ-д импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид танхимын удирдлагууд болоод төрийн зарим албан хаагчидтай нүүр тулан уулзаж байна. Уулзалтыг  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл удирдан явуулж байгаа юм. Экспортыг нэмэгдүүлж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг саармагжуулах зорилгоор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих талаар олон жил ярьж байгаа. Гэвч дэмжлэг бодит хөрсөн дээрээ огт буухгүй байгаа нь өнөөдрийн цөөн бүэрэлдэхүүнтэй уулзалтаас андашгүй байлаа. Уулзалтад импортын бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд тэднээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдсан болон зээлийн батлан даалтын санд хандаж үзсэн нэг ч байгууллага байсангүй. Тиймээс жижиг дунд үйлдвэрийн газар болоод зээлийн батлан даалтын сан ажиллаж буй арга барилаа өөрчилж, хөрсөн дээрээ буух шаардлага байгааг С.Дэмбэрэл гишүүн дээрх байгууллагынхны нүүрийг улайтал хэлж орхисон юм. Ганц энэ тохиолдолд ч төдийгүй урьд өмнө нь ч жижиг дунд үйлдвэрийнхэн төрийн байгууллагууд болоод арилуааны банкууд амласан шигээ ажиллахгүй байгааг удаа дараа шүүмжилж байсан. Өнөөдрийн уулзалтад оролцсон “Монгол ташуур”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх:

-Манай компани өдөрт 70-80 тонн, жилд 50-60 мянган тонн барилгын материал үйлдвэрлэдэг. Бидний үйлдвэрлэдэг цавуу, замаск, чигжээс, эмульс  урд хөршөөс оруулж ирж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс чанарын хувьд  дутахгүй. Тун удахгүй бид бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортлохоор бэлтгэж байна. Бүтээгдэхүүнээ гадаадад гаргахад ойлгомжтой байлгах үүднээс “Красный дом”, “Million house”, “ Ouelle” нэрээр брэнд  болгон үйлдвэрлэж байна.  Үйлдвэрлэлээ өргөжүүлж гипсэн хавтангийн үйлдвэр оруулж ирэх гэсэн боловч бидэнд санхүүгийн дэмжлэг олдохгүй байгаа. Өмнөх үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж арилжааны банк болоод бусад эх үүсвэрээс зээл авсан болохоор дараагийн үйлдвэрээ оруулж ирэх ажилд маань санхүүгийн бэрхшээл тулгарсан. Иймд Японд түгээмэл дэлгэрсэн “Нэг бүтээгдэхүүн-нэг зээл” механизмыг ашигладаг болмоор юм. Ингэхгүйгээр үйлдвэрлэл өргөжихөд хүндрэлтэй байна гэсэн саналыг хэлж байлаа.

Өнөөдөр манай улс жил тутам 30 гаруй тэрбум төгрөгийн замаск, 5-6 тэрбум төгрөгийн эмульс, 180-200 тэрбум төгрөгийн цементийг гадаадаас импортолдог. Эдгээрийг бүхэлд нь биш гэхэд заримыг нь дотооддоо үйлдвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд байна. Харин хүслээ биелүүлэх гэтэл санхүүгийн болоод бусад дэмжлэг үгүйлэгдсээр байгаа юм. Тиймээс импортын татвар ногдуулах хүсэлтийг үйлдвэрлэгчдийн зүгээс хүсч байлаа.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн  хөгжлийн  газрын дарга Д.Баттогтох оролцож хэлсэн үгэндээ “Жижиг дунд үйлдвэрлэл манай улсын зүтгүүрүүдийн нэг байдаг. Энэ салбарт өдгөө 766 910 хүн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд худалдаа үйлчилгээ эрхэлснээс илүүтэй үйлдвэрлэл явуулах нь чухал гэсэн ойлголт түгээмэл болсон нь сайн хэрэг. Олон улсын хандив тусламж ч энэ чиглэлд их байна. Өнөөдөр л гэхэд бидэнд донор орнуудын уулзалтад оролцлоо. Хамтын ажиллагаагаа сайжруулбал саад бэрхшээлийг туулах боломж бий” хэмээн мэдэгдэв.

Харин Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Буянмөнх импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн санхүүжилтийн талаар тайлагналаа. Одоогийн байдлаар 104 төсөлд 151,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байгаа ажээ. Санхүүжилт авсан компаниудын 25 нь барилгын материал үйлдвэрлэгч байгаа бол тав нь эм биобэлдмэл, хоёр нь газар тариалан, тав нь мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн 47, хүнсний үйлдвэрлэлийн 20 төслийг санхүүжүүлээд байгаа юм.

Чингис бондын хэмээн тодотгодог 888 төсөл болоод бусад үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санхүүгийн дэмжлэг, тэр дундаа урт хугацаа, бага хүүтэй зээл хамгаас чухал гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж