Ром хотод Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Ром хотод Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Итали улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай зөвшилцөх асуудлыг авч хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Тус улсад Монгол Улсын иргэд цөөн амьдардаг ч стратегийн хувьд ач холбогдолтой газар гэнэ. Тиймээс дээрх оронд Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх нь ач холбогдлын хувьд өндөр гэж үзэж байна.

Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Төсөлд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний жагсаалтад нэмж цэвэр ус, цус цусан бүтээгдэхүүнийг оруулахаар заажээ.  Ингэхдээ гамшиг болсон тохиолдолд 100 мянган хүн амд нэг сарын хугацаанд хүрэлцэх хэмжээгээр цэвэр ус, цус цусан бүтээгдэхүүн нөөцлөхөөр заасан байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “2009 онд нефтийн бүтээгдэхүүнийг нөөцөлтөл ихэнх нь ууршаад улс их хэмжээний алдагдал хүлээсэн.  Цус, цусан бүтээгдэхүүнийг нөөцлөх явцад муудах асуудал гарч болзошгүй. Яагаад гэвэл цус, цусан бүтээгдэхүүн амархан мууддаг. Тийм учраас цус, цусан бүтээгдэхүүнийг орлох хэмжээний бүтээгдэхүүнийг түлхүү нөөцлөх нь иргэнийхээ эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах талаасаа илүү найдвартай” гэж үзлээ. Ингээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж