Засгийн газрын бондыг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондыг хэлэлцсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Энэ нь ажлын хэсэг хуралдаанаа хийж чадаагүйтэй холбоотой юм.

Тогтоолд ноолуурын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас жилийн долоон хувийн хүүтэй 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болж, нэр бүхий 12 компанид олгохоор заагаад байгаа. Гэвч хэлэлцүүлгийн шатанд маргаан дагуулсаар буй. УИХ-ын гишүүдийн хувьд “Ноолуурын сезо өнгөрч буй үед Засгийн газар энэ асуудлыг УИХ-д эрт оруулж ирсэн нь оройтсон хэрэг болсон. Нөгөө талдаа арга хэлбэр нь буруу байгаа. Хэдийгээр салбарыг дэмжих хүрээнд бодлого нь зөв ч зөвхөн 12 компанийг сугалж аван асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон нь өрөөсгөл. Салбарыг бүхэлд нь авч үзэх ёстой” гэсэн байр суурь баримталж буй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан “Нэр бүхий 12 компанид 110 тэрбум төгрөгийн зээл олгохоор заасан ч цаанаа өрхийн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг жижиг цехүүдийг дэмжээд зогсохгүй, 6000 орчим ажлын байрыг хадгалж 1500 орчим ажлын байр шинээр бий болгох боломжтой. Ноолуурын сезо өнгөрөөгүй, Говь-Алтай, Завхан, Увс зэрэг аймгийн малчид тавдугаар сарын сүүлээс ямаагаа самнаж эхэлсэн учраас үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэх бололцоо байгаа” хэмээн тайлбарласаар байгаа билээ.

Гэвч ажлын хэсэг хуралдаанаа хийхгүй уяад байвал энэ асуудал улам л хойшлох болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж