Эболагаар өвдсөн эмчийг Ромд авчирчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Эболагаар өвдсөн эмчийг Ромд авчирчээ

 

Эболагаар өвдсөн Итали эмчийг Ром хотын “Lazzaro Spallanzani” халдвар өвчин судлалын үндэсний институтад  хэвтүүлэн эмчилж байна.

 

Сьерра-Леоне улсад ажиллаж байхдаа Эбола вирусын халдвар авсан Итали эмчийг Ром хотод эмчилгээ хийхээр өнөө өглөө /ХI.25/ эх оронд нь авчирчээ. Италид Эбола вирусын халдвар авсан хүн түүнээс өөр байхгүй юм. Түүний биеийн байдал тогтвортой, бусдын тусламжгүйгээр хооллож, ундалж чадаж байгааг мэдээлжээ.  “Emergency” гэх байгууллагын гишүүн тэрээр Эбола вирусын халдвар өргөн тархсан Сьерра-Леоне улсад сайн дураар ажиллаж байсан аж.

 

Эбола вирусээр олон улсад 5459 хүн амь үрэгдсэний 1267 нь Сьерра-Леоне улсын иргэд аж. Үүний зэрэгцээ “ЮНИСЕФ” болон Европын орнуудаас илгээсэн тусламжийг ачсан Нидерландын тэнгисийн цэргийн хөлөг өчигдөр /ХI.24/ Либери улсад иржээ. Баруун Африкийн Либери улсад 3000 орчим хүн Эбола вирусын халдвараар хорвоог орхисон байна. Харин өвчний голомт Гвиней улсад 1214 хүн амь үрэгдсэн бөгөөд одоогоор халдварын тархалт тогтворжоод байгаа гэнэ. Гэвч Мали улсад өнгөрсөн аравдугаар сард Эбола вирусын халдвар тархаж, зургаан хүн амь үрэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Эбола вирусээр олон улсад 15351 хүн халдварлаж, өвчилсөн байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ”Эбола вирусын халдварын тархалтын эсрэг дэлхий нийт шуурхай ажиллавал ирэх жил гэхэд тахлыг зогсоож болно” хэмээн мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж