Мартагдсан дуулиант хэргүүд

Хуучирсан мэдээ: 2014.11.25-нд нийтлэгдсэн

Мартагдсан дуулиант хэргүүд

Хэдийгээр анх шалгагдаж эхлэхдээ олны анхаарлыг татаж басхүү завшсан гэх мөнгөн дүн нь сэрдхийлгэм байсан албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахууль авсан, өгсөн гэгдэх хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нь тун цөөхөн. Авлигатай тэмцэх газар /АТГ/, Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т болон прокурорын байгууллагад хэдэн жил дамнан шалгагдаж бараг мартагдахаа шахсан хэргүүдийг эргэн санахыг хичээе.

“Жаст групп”-ийн Ш.Батхүүг шалгасаар л…

Англи улсын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгө залилсан гэх Ш.Батхүүгийн хэргийг 2013 оны арваннэгдүгээр сард шалгаж эхэлсэн. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү тэргүүтэй хүмүүсийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцааж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна гэсэн үг. Сүүлд УМБГ-ын эх сурвалж “Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5.476  тэрбум төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгасан. Мөн банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шинээр илэрсэн. Мөн энэ хэрэгт ТӨХ-ны дарга асан Т.Сугар холбооотой байж болзошгүй” гэдгийг мэдээлж байсан юм.

 

Эрүүл мэндийн яамны удирдлагуудын хэрэг

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны сайд Н.Хүрэлбаатарын хүүгийнхээ гэрт орлого нь тодорхойгүй их хэмжээний валют /600 сая төгрөг/хадгалж байсан гэх хэргийг мөн л 2013 оны хавраас эхлэн шалгаж эхэлсэн. АТГ-т энэ хэргийг шалгаж байсан ч харъяаллын дагуу хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж. Харин албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын хэргийг шалгах мөрдөн байцаалт үргэлжилсээр. 

Ямартай ч мөрдөн байцаалтын явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех”  компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт сэжигтнээр татсан байдаг.

Ө.Энхтөр: Т.Энхболдсодонг шалгаж байгаа

“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэх авлигын хэрэгт сэжигтнээр татан АТГ-т шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Т.Энхболдсодонгийн мэдэлд “White house” зочид буудал, “Strings” шөнийн клуб, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон” “Blue sky” барилга зэрэг чамгүй олон байгууллага байдаг гэнэ.

Гаалийн байцаагчдын хэрэг юу болов?

“Чингис хаан” олон улсын онгоцны буудлаас өнгөрсөн тавдугаар сард гаалийн улсын хоёр байцаагчийг АТГ-ын мөрдөн байцаагчид баривчлан, саатуулж шалгаж эхэлсэн.  Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар гаалийн байцаагчид хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд тусалж, шалгалтаас “бултуулсан” болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогдоод байгаа юм. Энэхүү хэргийн мөрдөн байцаалт мөн үргэлжилж байна.

Дээрх хэргүүдийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж