Малайзын MH17 онгоцны сэгийг зөөж дуусав
Украинд унасан Малайзын зорчигч тээврийн MH17 онгоцны үлдэгдэл, сэгийг дөрвөн сарын дараа зөөж дуусгалаа. Нидерландын шинжээчид болон Европын аюулгүйн албаны ажилтнуудын хяналт дор хурааж, цуглуулсан онгоцны эд ангийг шинжлүүлэхээр Харьков хот руу зөөж байгаа аж. Дөрвөн сарын өмнө сүйрч, 298 зорчигчоос нэг ч хүн амьд үлдээгүй дээрх аймшигт осолд Украин, болон барууны орнууд ОХУ-ын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хийсэн хэрэг гэж буруутгаж байгаа билээ. ОХУ эсрэгээр Украины агаарын хүчнийхэн энэ хэргийн цаана байгаа гэж үзэж байгаа юм. Украины цэргүүд болон салан тусгаарлагчдын хоорондох тэмцлээс болоод олон сараар хойшлогдсон сүйрсэн онгоцны үлдэгдлийг түүхэд ердөө долоо хоног хүрэхгүй хугацаа оржээ. Хохирогчдын цогцосноос авсан ДНХ-н шинжилгээний урьдчилсан дүнгээр Нидерландын шинжээчид онгоцыг гаднаас нь хүчтэй мөргөснөөс сүйрсэн гэсэн билээ. ОХУ болон Украин, барууны орнуудын маргааны сэдэв болсон онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох шинжилгээний эцсийн хариу ирэх зунаас наашгүй гэж Нидерландын шинжээчид мэдэгдсэн билээ. Украинд сөргөлдөгч талууд есдүгээр сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч зүүн хэсэгт буун дуу тасраагүй байна.
В.Путин бүх насаараа Оросын ерөнхийлөгч байхгүй гэв
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гаригт Итар-Тасс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа бүх насаараа ОХУ-ын ерөнхийлөгч байхгүй, 2024 оноос өмнө огцорно хэмээн ярьсан байна. ОХУ-ын лидер ерөнхийлөгчийн албанд түүнээс удаан байвал улс оронд ашиггүй, өөрөө ч хүсэхгүй гэжээ. 62 настай В.Путин 2000 онд сонгогдсоноосоо хойш ОХУ-ыг амжилттай удирдаж байгаа билээ. В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож, Үндсэн хуулийн дагуу зайгаа тавьж өгсөн боловч Засгийн газрын тэргүүнээр үлдэж, 2012 онд дахин зургаан жил ерөнхийлөгчийн алба хашихаар болсон билээ. В.Путин ярилцлагадаа мөн 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь улс орны тэр үеийн байдал, өөрийнх нь хүсэл зоригоос шалтгаална гэсэн байна. ОХУ-ын лидер ярилцлагын турш Орос болон гадаадын оронд явуулж буй түүний бодлого, чармайлт нь дэг журам тогтоох зорилготой гэдгийг тайлбарлажээ.
Тэрбээр Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын эдийн засаг, бизнесийн эсрэг явуулсан хориг нь зөвхөн найз нөхдийг нь цээрлүүлж, Оросын элитийн хүрээнийхнийг, яваандаа нийгмийг хагаралдуулах зорилготой гээд, барууны уур хилэнгий эсрэг Орос нэгдэн, хатуу зогсоно гэжээ.
Төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг тэрбээр Оросын улс төрийг гадны ашиг сонирхлоос хамгаалах зайлшгүй алхам гэж тайлбарласан байна.
В.Путин Оросууд бүгд өөрийг нь дэмждэггүй ч шүүмжлэл зүй ёсны бөгөөд хуульд харшлахгүй гэжээ. Харин Орос орныг доройтуулах гэсэн хэнбугайг ч төр бактери шиг үзэх болно гэжээ. В.Путин мөн Америкийн хэвлэлүүд ерөнхийлөгчөө шүүмжилдэг болохоор бие даасан, хараат бус гэсэн үг биш, харин ч улс төрийн хэрэгсэл гэж үзсэн байна.
Израйль Еврейн улс болохыг дэмжив
Израйлийн засгийн газар ням гаригт тус улсыг Еврей ард түмний улс хэмээн нэрлэх тухай хуулийн төслийг дэмжжээ. Тус улс дахь Араб иргэдийн хилэнг бадраасан хуулийн төсөл Ерөнхий сайд Беньямин Натаньяхугийн засгийн газрыг огцруулж ч мэдэхээр маргаан дэгдээгээд байна. Израйлийн Араб, Еврей иргэдийн хооронд цус асгаруулсан мөргөлдөөн гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэгчид ардчиллын үнэт зүйлийг үгүй хийсэн, цагаа олоогүй шийдвэр гэж үзэж байгаа аж. Хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар лхагва гаригт парламентад санал асуулга явуулах юм байна.
Израйль 1948 онд тусгаар тогтнолоо тунхаглахдаа дурдсан Еврейн улс хэмээн хэллэгээр улсаа тодорхойлж ирсэн юм. Харин уг хуулийн төслөөр Еврей ард түмний улс хэмээх хэллэгийг Үндсэн хуулиар баталгаажуулахыг зорьж байгаа ажээ. Уг хуулийн төслийг ямар ч шаардлагагүй гэх шүүмжлэл хүчтэй байгаа ч Натаньяху үүнийг Израйльд эрх бий гэж үү гэж асуудаг Араб шүүмжлэгчдэд өгч буй хариу гэж Засгийн газартаа мэдэгджээ. Натаньяху хэзээнээс Израйлийг еврей ард түмний газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг Палестинаас шаардсаар ирсэн. Харин Палестинчууд болон тэдний араб, израйль ахан дүүс энэ шаардлагыг хүлээн авснаар Израйлийн 1.5 сая араб иргэний эрх ашиг хохирно гэж үзэж байгаа юм. Уг хуулийн төсөл нь еврей үндэстнийг хүлээн зөвшөөрөх төдий бус хууль тогтоомжид еврейн хуулийг мөрдлөг болгож, араб хэлийг албан ёсны хэлээс хасах тухай юм. Натаньяху Израйлийг еврейн, ардчилсан улс болгохоор зорьж байгаа бөгөөд засгийн газар уг хуулийн төслийг батлахад ихээхэн хүч чармайлт гаргаж байгаа юм. Израйлийн хүн амын 20 хувийг эзэлдэг арабууд үндэс угсаа, хэл соёлын ялгаварлан гадуурхалт болон арабуудыг еврейчүүдээс доогуур үзэх үзэл газар авсан талаар эртнээс гомдоллож ирсэн байдаг.
Тоглоом нь шоглоом болов
АНУ-д тоглоомон буу гаргаж ирсэн 12 настай хүү цагдаад буудуулж нас барсан хэрэг гарчээ. Цагдаа нар хүүхдийн тоглоомын талбайд “буутай этгээд” байна гэсэн дуудлага авсны дараа дээрх хэрэг мандсан байна.
Хүүг тоглоомон буу гаргаж ирэхийг завдах үед цагдаа түүн рүү хоёр удаа буудаж, амийг нь хохироосон аж. Гэвч хүү цагдаа руу онилоо ч үгүй байжээ.
Мөрдөн шалгаж буй дээрх хэрэгт холбогдуулан цагдаагийн хоёр ажилтныг саатуулаад байгаа юм байна. Цагдаа уг хэргийн талаар хүүгийн буу хагас автомат хийн буу шиг харагдсан гэж мэдүүлсэн байна. Харин “буутай этгээд”-ийн талаар дуудлага өгсөн хүн хүү савлуур дээр суугаад, буу шиг юмаар хүмүүсийг айлгаж байсан. Жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн байна.
Орчуулсан Н.ЭНХТУЯА