АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хуягласан “Кадиллак” машин Дублин дэх АНУ-ын Элчин сайдын яамны хашаанд орох үеэрээ хаалганд нь зоогджээ. “Араатан” гэж нэрлэдэг уг машин ерөнхийлөгчийн цуваанд явж байжээ. Цувааны эхний машинууд хашааны хаалгаар орсон ч ерөнхийлөгчийн Кадиллак овор ихтэй байснаас хаалгаар багтсангүй гацжээ. Кадиллак машинд Обама, тэргүүн хатагтай Мишель хоёр явсан байна. Тэд өөр машинд суугаад хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ.
Машин зурагдаж гэмтсэн тухай мэдээлэл алга байна. Уг машиныг Обамад зориулан тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд дугуй нь гэмтсэн ч хурдаа хадгалж чадах бөгөөд гранат харвагчийн буудлагыг даана.
Обамагийн Ирландад хийж байгаа айлчлал нь түүний Европын айлчлалын хүрээнд болж байна. Дублин хотод очсоныхоо дараа Манигалл тосгонд Обама очсон бөгөөд Обамагийн элэнц хуланц энэ тосгоноос гаралтай юм.
Ш.САМБУУ