Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон мөн тус аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн иргэн Г нар нь арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ан агнах зорилгоор хил орчмын дэглэм зөрчснийг хилчид илрүүлжээ. Дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн хэсгээр энэ сарын 18-ны өдөр нутгийн гүнд нэг хүн явганаар улсын хилээс 5.5 км-т явж байсныг хилчид саатуулжээ. Уг этгээд нь сэтгэцийн өвчтэй, оршин суух хаяг нь тодорхойгүй, өмнө нь хил орчмын дэглэмийн зөрчил гаргаж байсан аж. Хилчид уг иргэнийг харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна.
Энэ сарын 18-21-ний өдрүүдэд Увс аймгийн Баруун туруун, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын хилийн хэсгээр 25 тооны үхэр, таван тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид саатуулжээ. Дээрх малыг эздэд нь хүлээлгэн өгснөөр 30 орчим сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.
Б.БИЛЭГ