32897 хүүхэд “Иргэний үнэмлэх” гардлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

32897 хүүхэд “Иргэний үнэмлэх” гардлаа

Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан 16 настнуудад зориулсан  “Иргэний андгай өргөх ёслол” болсон юм. Монголын Залуучуудын Холбоо 2002 оноос эхлэн уламжлал болгон 12 дах жилдээ зохион байгуулж байгаа энэхүү ёслолд энэ жил 16 нас хүрч буй 850 хүүхэд оролцсон байна. Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Английн элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Louise Edwards, хамтран ажилласан байгууллагууд, урлаг, спортын төлөөллүүд уригдаж 16 настнууддаа хандан чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Төрийн ордны Их танхимыг Монгол улсын ирээдүй болсон 16 настнуудаар дүүргэж сүр жавхлантайгаар “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол улсын эрх чөлөөт иргэн – би, мөнх хөх тэнгэрийнхээ дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө, эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, өвөг дээдсийн өндөр цадигтай, өнөд мандах Монголынхоо төлөө,  хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө, эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж, дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа,  ард түмэндээ андгайлж байна” хэмээсэн иргэний андгайгаа өргөлөө. Мөн Т.Ариунаагийн /МУГЖ/ “Амьдралын алтан босго 16 нас” дууг дуучин Go Man дахин сонсогчдын хүртээл болгон дууллаа. МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл “Нэр төрөө эрхэмлэх хандлага” сэдэвт лекц уншсан юм.

Иргэний андгай өргөх ёслол Монгол орон даяар зохион байгуулагдсан бөгөөд Орхон, Баянхонгор, Ховд аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж улсын хэмжээнд 16 настай 32897 хүүхдүүд Монгол улсын иргэн боллоо.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж