Жинхэнэ монгол бахархал

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Жинхэнэ монгол бахархал

Монгол хүн, монгол морь хоёрын тэсвэр тэвчээрийг шалгасан их аялал өндөрлөлөө. Тавдугаар сарын 9-нд гараандаа гарсан уг аялал Өмнөговь аймгийн Овоотын отрядаас эхэлсэн түүхтэй. Монгол орны аймаг, сумдаар “Морьтон монголчууд” хэмээн алдаршсан аялагч таван залуу уржигдар аяллаа дуусгаад гэртээ ирж байгаа нь энэ. МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн багш-Аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нарын гаргасан саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат дэмжсэнээр энэхүү аялал эхэлж байсан юм. Аяллыг баримтжуулж, монгол орны үзэсгэлэнт газрыг дуран авайдаа буулгахаар гэрэл зурагчин Ч.Ганболд, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, ETV-гийн зураглаач Д.Нацагдоо нар аяллын багт нэгдэв. Улмаар “Морьтон залуу” төрийн бус байгууллага байгуулж “Морьтон Монгол” төслийг хэрэгжүүлэхэд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүгийн дэмжлэг үзүүлсэнээр 188 хоногийн аялал эхэлсэн билээ.

Монгол эр хүн, монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг сорих, хилийн дагуу шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах сэтгэлгээг төрүүлэх, морин аяллыг олон нийтэд сурталчлах, зарим үзмэрийг хаягжуулах, морийг эдэлж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчлах зорилго өвөртөлсөн залуус зорьсондоо хүрсэн нь энэ.

Тэдний аялал 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуух 15 аймгийн 89 сумаар дамжин үргэлжилж нийт 10394 км замыг туулснаар аялал эхэлсэн цэг Овоотын отрядад урт аян отголжээ. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн нийслэлд ирсэн аялагчдыг “Морьтон Монгол”-ын тэргүүн Ч.Ганбат, ҮХАА-ын дэд сайд Б.Цогтгэрэл, ССАЖЯ-ны газрын дарга Х.Бакытжан, хөдөлмөрийн баатар, зууны манлай уяач Д.Даваахүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ч.Отгонбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхболд тэргүүтэй хүмүүс угтлаа. Уг аялалд Хил хамгаалах ерөнхий газрынхан бодит дэмжлэг үзүүлсэн бөгөөд 10394 км замыг туулахдаа орон нутгийн тусч иргэд, зон олон болон уяачдын холбооны дэмжлэгтэйгээр морьдоо сэлгэн унасаар явжээ. Аялагчид 88 морь сэлгэн унасан гэнэ. Тэдгээрийн дотор нэгэн хүлэг эздийнхээ хамт эх орноо бүтэн тойрч, их нутгаа хүлгийн туурайгаар тамгалаад иржээ. Монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг бүрэн утгаар харуулсан энэ сайхан хүлэг “Монгол буурал” нэртэй. Тэгвэл аялагчдыг угтах ёслолын үеэр монгол буурал моринд “Өгөөдэй хааны хүлэг” хэмээх алдар хайрласан юм. Энэ үеэр буурал морины эзэн Ж.Энхболд болон аяллын багийн төлөөлөлтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

 

Ж.Энхболд: Эргээд эзэндээ ирдэг буянтай хүлэг юм даа

-Таны бэлэглэсэн буурал морь 10394 км замыг туулаад ирлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Сайхан байна. Үнэхээр сэтгэл их хөдөлж байна. Энэ таван залууг анх явж байхад хүн бүр чадлынхаа хэрээр тус дэм болохыг хичээсэн. Би ч мөн таван морио барьж өгөөд аялал эхэлж байлаа. Үнэндээ буурал морио 10 мянган км зам туулаад ирнэ гэж бодсонгүй. Эргээд эзэндээ ирдэг буянтай хүлэг юм даа. Монголын шандаст хүлэг аргагүй өөр юм.

-Монгол буурлыг анх хаанаас авч байсан бэ?

Буурлыгаа шүдлэн үрээ байхад нь Төв аймгийн Сэргэлэн сумаас худалдаж авч байсан.

-Ингэхэд хэчнээн адуутай вэ?

-Ах нь моринд дуртай монгол хүн. Адуун сүрэгтэй болоод 20 орчим жил болж байна. Одоо 600 гаруй адуутай. Сүрэгт минь хурдан удамтай хүлэг бий.

 

Ч.Ганболд: Монгол шарын даваа хэцүү байсан

-Замдаа сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Энэ аялал бидний мөрөөдөл байсан учир шантрах зүйл гарсангүй. Бид тайгад хэд хоног хоолгүй явж байлаа, ямар ч завгүй хөвчийн тайгад төөрч явлаа. Гэхдээ энэ бүхэн шантрах шалтаг биш юм. Бэрхшээл, саад тохиолдоход үүнийг яаж давах вэ гэж бодон эв, эеэ нэгтгэж нөхцөл бололцоогоо ашиглаж явсан даа. Ер нь эх орныхоо онгон, дагшин байгалиа үзэж, байгалийн цэвэр усаа ууж, борцоо идээд хээр явахад монгол хүн эрүүл, саруул явдаг юм байна.

-Багийн зохион байгуулалтаа хэрхэн хийсэн бэ?

-Хүн бүр хариуцсан ажилтай. Түүнийгээ хийгээд явдаг.

-Хэд хэдэн наадамд зодоглосон гэж сонссон. Энэ тухай хуучилбал?

-Баяр наадмаа хийж буй сумдууд замд тааралдаж байсан. Оюутнууд маань зодоглосон. Завхан аймгийн Тэс сумын наадамд манай залуус тус бүр гурав давсан. Баян-Өлгий аймгийн нэг сумын наадамд түрүү, үзүүр үлдсэн. Увс аймагт хоёр давсан. Улсын цолтнуудтай хүртэл барилдсан шүү. Бас нэг морио эртхэн уяа сойлгыг нь тааруулсан бол уралдуулах боломж байлаа.

-Давж, туулахад хамгийн хэцүү нь ямар даваа байв?

-Монгол шарын даваа хүнд байсан. Тайгад зөвхөн морь л явах жимтэй. Битүү бургасан ой, гол, булаг, чулуу гээд бүх л юмыг давж гарсан. Бусад нь гайгүй ээ.

 

Д.Нацагдоо: Зорилготой байсан болохоор шантрах зүйл гарсангүй

-Аяллын багийг ахалж явлаа. Одоо юу бодож байна вэ?

-Сайн, сайхан явж ирлээ. Охиноо их саналаа. Бид монгол мориороо эх орноо нар зөв бүтэн тойрч, Монголын хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нуруу, зүүн захын цэг Соёлз уулын модот хамар, хамгийн хойд захын цэг Их Саяны нурууны Монгол Шарын даваа, өмнө захын цэг Орвог хошууны Бор толгойдоо хүрээд ирлээ. Хүний гар, хөл хүрээгүй газраар явлаа. Монгол орон үнэхээр агуу юм билээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг байх аа. Тэгвэл Монголынхоо ард түмнийг эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялж үзээрэй гэж уриалмаар байна.

-Та зуралаач хүн. Морин дээрээс зураг авахад ямар байв?

Хүндрэл, бэрхшээл байсангүй. Би багаасаа хурдан морь унаж өссөн. Адуучин, уяач өвөөгөөс шингэсэн зүйл ч байдаг байх. Халуун, хүйтэн, сэрүүн гээд бүх л уур амьсгалд явлаа. Зорьсон зорилготой байсан болохоор шантрах юм гарсангүй. Бидний аялалд хамгийн их тус болсон хүмүүс бол Хилчид. Монгол орныхоо өнцөг булан бүрт эх орныхоо хилийг нүд цавчилгүй хамгаалж буй хилчид маань биднийг маш халуун дотноо хүлээн авч тусалж, дэмжиж байсан. Хил дагуух бүх отрядаар орлоо. Заримд нь хоноглож үзлээ. Хилчиддээ баярлалаа.

-Сүүлийн хормыг танд үлдээе?

-Баярлалаа. Аяллыг дэмжиж ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. ММСУХ, ХХЕГ, УИХ-ын гишүүн Х.Баттулга, мөн төслийн удирдагч Ч.Ганбат, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, найз нөхөд, ах дүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Та бүхний итгэлийг алдалгүй сайн яваад ирсэндээ баяртай байна. Монгол орны байгалийн сайхныг харуулсан олон сайхан нэвтрүүлгээ цувралаар хүргэнэ ээ, үзээрэй гэж хэлье дээ.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж