Уругвайн Ерөнхийлөгч Мексикийг “дампуурсан улс” гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Уругвайн Ерөнхийлөгч Мексикийг “дампуурсан улс” гэжээ

 

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика

 

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика Мексикийг “дампуурсан улс” гэж хэлснээс үүдэн хоёр орны дипломат харилцаанд үл ойлголцол үүсчээ. Мексикийн албаныхан энэ хэрэгт Мехико хотод суух Уругвайн Элчин сайдаас албан ёсны тайлбар авсан байна. Уругвайн Ерөнхийлөгч Латин Америкийн гадаад харилцааны талаар хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Мексик улсыг нийгмийн хяналтаа алдсан “дампуу улс” гэж нэрлэжээ. Хосе Мухика Мексикийн багшийн коллежийн 43 оюутан ор сураггүй болоод бараг хоёр сар болж байхад сургийг нь гаргаж чадахгүй байгаад өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь энэ аж.

 

Мексикийн албаныхан сураггүй болсон оюутнуудыг хар тамхины бүлэглэлийн золиос болсон байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Олон оюутан залуус сураггүй болсонд Мексик даяар Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал олон хоног үргэлжилжээ. Оюутнууд сураггүй болсон хэрэгт Игуала хотын дарга, цагдаагийн газрын дарга нарыг буруутган баривчилсан юм. Игуала хотын дарга оюутны жагсаалын эсрэг цагдаагийн хүч хэрэглэн тараахыг тушааснаас тэдний хооронд мөргөлдөөн гарч, зургаан хүн амь үрэгдсэн билээ. Түүнчлэн Мексикийн мөрдөн шалгах албаныхан Игуала хотын даргын эхнэрийг орон нутгийн хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн баривчилсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж