Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн таамаглал, судалгааны агуулга Монголбанк, Үндэсний статистикийн хорооны мэдээнээс эрс ялгаатай гардаг байсан. Жишээ нь, “Инфляци 20 хувиас давна” гэсэн сануулгыг байнга өгдөг байв. Харин энэ удаад тийм ч хол зөрсөнгүй. Гэхдээ энэ нь “Бадарчин баярлаж болно” гэсэн үг биш ажээ. Манай улс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ импортолдог Хятад, ОХУ-д хүнсний үнэ өссөөр байгаа нь том түгшүүр. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд хүнсний хангамж муудсанаас болж үнийн өсөлт өдөр ирэх бүр газар авч байгаа аж. Жишээ нь, 1.25 ам.доллараас бага орлоготой буюу ядуу гэсэн ангилалд багтах иргэдийн тоо сүүлийн ганцхан жилийн дотор 44 саяар нэмэгддсэн байх юм. Хүнснээс гадна бензин түлшний үнэ ч эрчимтэй нэмэгдэж, 2008 оны түвшинд ойртож байгаа. Өнөөдөр л гэхэд дизель түлшний нийлүүлэлт үндсэндээ тасарчихаад байна. Энэ мэт шалтгаанууд ирэх сараас инфляцийг дахин “галзууруулж” болзошгүйг Дэлхийн банкны тайланд дурьджээ.
Манайхан “Одоо нэгэнт ийм бага түшвинд хүрсэн инфляци дахин өсөхгүй” хэмээн тайвширч магадгүй. Гэвч дотоод, гадаад хүчин зүйлийн аль аль нь Монголын инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй юм байна. Жишээ нь, Хятадын эдийн засаг хүчирхэг байгаа ч хүн амын хурдацтай өсөлт нь хүнсний хэрэгцээг тогтмол нэмэгдүүлж буй. Тус улсын хүн ам хамгийн сүүлийн мэдээллээр нэг тэрбум 340 саяд хүрсэн. Энэ олон хүний хүнсний хэрэгцээг хангахын тулд импортоо өсгөх, тэр дундаа Монголоос авах махны импортоо эрс нэмэгдүүлэх нь тодорхой гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийжээ. Үүнтэй холбоотойгоор махны үнэ цаашид эрчимтэй өсөх хандлага байгаа аж. Ялангуяа, хот суурин газрын ядуу, бага орлоготой иргэдэд энэ нь хүндээр тусна. Учир нь тэд нийт орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн хүнсэндээ зарцуулдаг гэсэн судалгааны дүн бий. Тэгэхээр инфляцийн өсөлт Засгийн газраас хэрэгжүүлж буй халамжийн бодлогоос бус, эдийн засгийн гадаад хүчин зүйлээс илүү хамааралтай болох магадлалтай юм. Энэ үед Монголбанк бодлогын хүүгээ чангатгах ганц дархан мэхээ хийгээд ч үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Ямартай ч өнөөдрийн нөхцөл байдлаас үзвэл эрчимтэй буурч байсан инфляци ирэх сараас эргээд нэмэгдэж болзошгүй байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин