БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс Бээжин хотноо зохион байгуулсан “Сяншан” олон улсын бага хуралд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцоод иржээ.
Тав дахь удаагаа болж буй энэхүү бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын БХЯ, цэргийн удирдах дээд байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан, Хятадын цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачид оролцсон байна. Хурлаар бүс нутгийн аюулгүй байдлын орчин, далай тэнгисийн аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хурал нь өмнөх жилүүдтэй харьцуулахад зөвхөн цэргийн эрдэмтэн судлаачид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож байгаагаараа онцлогтой болж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөх, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань “Хятадын Зэвсэгт хүчин болон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьжээ.
Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн, Батлан хамгаалахын сайд А.Баттөр тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, орчны өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна.
Д.ЦЭЭНЭ