АНУ-ын зүүн хойд хэсгийн нутгаар өнгөрсөн долоо хоногт цочир хүйтэрч, цасан шамарга тавьснаас Нью-Йорк муж улсын Буффалло хотын зарим хэсэгт 0.9-2.4 метр хунгар үүссэн билээ. Цасан шуурганы улмаас АНУ-д 13 хүн амь үрэгдсэн юм. Тэгвэл ирэх өдрүүдэд агаарын хэм дулаарснаар хунгарласан их цас хайлж, шар усны үерийн гамшиг үүсч болзошгүй байгаа гэнэ. Нью-Йорк муж улсын албаныхан шар усны үерт бэлтгэх үүднээс завь, шавхуурга, элстэй уут зэрэг бусад хэрэгцээтэй зүйлсийг баруун хэсгээс авчруулан нөөцөлжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Нью-Йорк муж улсын Буффало, Женеси, Катарогас, Шатоква хотууд болон Вайоминг муж улс, Пеньсильвани муж улсын Эри хотод шар усны үерийн гамшиг үүсч болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.
Буффало хотын албаныхны мэдээлснээр бүтэн жилд орох хэмжээний цас гуравхан хоногт орсон гэнэ. Цасан хунгарыг арилгах ажил Буффало хотод үргэлжилж байгаа боловч ихэнхи автозамын хөдөлгөөн саатсан хэвээр байна. Үүний зэрэгцээ Нью-Йорк муж улсын албаныхан их цасанд дарагдсанаас 30 гаруй барилгын дээвэр нурж магадгүй гэдгийг мэдээлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС