тэнд Элчин сайдын яам, консулын газрууд байгуулах ажил гэнэт идэвхжив.
Уг нь гадаад харилцаагаа хөгжүүлэх нь сайн хэрэг л дээ. Ялангуяа Монгол
шиг хоёрхон “төрмөл” хөрштэй, уудам нутаг, цөөн бүлтэй улсад аль болох
олон оронтой эв эетэй байж хэлхээ холбоогоо хөгжүүлэх нь чухлаас чухал.
Хэдийгээр гадаад харилцааны онол ном мэдэхгүй ч үүнийг гурав дахь хөрш,
худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын идэвхтэй харилцаагаар, бас
өргөмжит консулуудаар нөхөх бололцоо бий гэж хар ухаанаар бодож болох
юм.
Монгол Улс 150 оронтой дипломат харилцаатай, хамгийн ууган нь 1921 онд
албан ёсоор энэ харилцааг тогтоосон ОХУ бол отгон нь 2010 оны тавдугаар
сард дипломат харилцаатай болсон Доминиканы Бүгд найрамдах улс.
Тэднээс Монгол Улс 28 оронд Элчин сайдын яамтай, найман газарт Ерөнхий
консул, консулын газартай, Тайваньд Худалдааны төлөөлөгчийн газар,
Женев, Нью-Йоркт Байнгын төлөөлөгчийн газартай.
Монголоос баян орнууд томоохон улсуудад Элчин сайдын яамтай, Элчин сайд
нар нь тэндээсээ эргэн тойрны орнуудаа хамааран суудаг. Монголд гэхэд
олон орны Элчин сайд суудаг нэртэй ч тэдний дийлэнх нь Бээжингээс
манайхыг хамааран суудаг, тухайн оронд зорчих визээ ч Бээжингээр
дамжуулан авсаар ирсэн.
Тэгвэл Монгол Улс хаа сайгүй элчин, консултай болж төсвийн буурай
хөрөнгөө цацдаг болжээ. Ёстой газрын зураг дээр туг хатгах хөдөлгөөн
өрнөөд байна уу гэхээр. Саяхан Хятадын Хонконг, АНУ-ын Сан-Франциско,
Японы Осакад ерөнхий консулын газар нээхийг УИХ-аар хэлэлцэн тогтоол
батлав. Харин өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны хурлаар Италийн нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам
нээн ажиллуулах асуудлаар зөвшилцөж байна.
Шинээр нээх Ерөнхий консулын тухайд гэхэд УИХ-ын гишүүдээс АНУ-ын
Сан-Францискод биш монголчууд илүү төвлөрсөн өөр хотод нээх тухай санал
гаргаж байсан ч Засгийн газраас оруулсан асуудлыг хэвээр үлдээсэн.
Тэгэхээр “бай”-гаа сайн оноогүй ч дээрээс оруулсан саналын дагуу тийм ч
оновчтой бус газарт Ерөнхий консулын газар нээх нь ойлгомжтой боллоо.
Ингэж ЭСЯ, ерөнхий консулын газар нээх ажил идэвхжсэн нь УИХ-ын 2012 оны
сонгуулийн бялууны түрүүч биш биз гэх хардлагыг бас төрүүлэхээр байгаа
юм. Наад тал нь гэхэд Италид ЭСЯ нээх амин чухал хэрэгцээ байсан юм уу
гэж асуумаар.
Европ зүг рүү гэхэд ХБНГУ, Австри, Унгар, Польш, Бельги, Франц, Чех,
Болгар гээд “шавсан” олон ЭСЯ байна. Тэдний аль ойроос Италийг хамаарч
болоод байсан байх. Гэтэл одоо тусдаа ЭСЯ хэрэгтэй болчихжээ. Уг нь
Италитай манайх соёлын сайн харилцаатай. Гэлээ гэхдээ мэргэжил дээшлүүлж
байгаа дуурийн дуулаачдад ЭСЯ тэгтлээ шаардлагатай болоогүй баймаар.
Нэг ЭСЯ нээлээ гэхэд Элчин сайд, Элчин зөвлөх, нарийн бичгийн дарга нар,
атташе, жолооч, техник ажилтан гээд нэлээд хэдэн хүн гэр бүлээрээ явж
ажиллана. Ерөнхий консулын цаана консул, дэд консул, жолооч, техникийн
ажилтан гээд дор хаяж тав зургаан айл тухайн газарт ажиллаж таарна.
Ингээд бодоход сүүлийн өдрүүдэд УИХ лав л 20 айлыг гадаадад төсвийн
мөнгөөр суулгаж ажиллуулах шийдвэр гаргах гэж байна. Нэжгээд Элчин сайд,
Элчин зөвлөх, гурван Ерөнхий консул, төдий тооны консул, дэд консул
гээд 10-аад хүнд ирэх сонгуулийн урьдчилгаа “бялуу” хазуулаад гадаадад
үднэ гэсэн үг юм уу даа. Сонгуульд нэр дэвших нөхдөөс ингэж “цөөлөх”
намуудын сонирхол гадаад харилцааны халхавч дор явж байгаа юм биш биз
хэмээн “хардах эрх”-ээ эдэлье.
Дээр үед “гадаадад дэвшүүлэн зайлуулах” нэрийн дор алдаа гаргасан албаны
томчууд, албан тушаал горилсон нөхдийг Элчингээр явуулдаг байсан.
Сүүлийн үед мэргэжлийн дипломатчид гадаадад суух нь илэрхий цөөрч улс
төрийн намуудын томилгоо, “шагнал” гэмээр байдал Элчингийн томилгоонд
илрэх болсон. Үүний нэг жишээ үүдээ нээх бололцоогоо хуулийн дагуу авч
буй шинэ ЭСЯ, Ерөнхий консулын газрууд байж мэдэх юм.