Нас, хүйс, мэргэжил хамаарахгүй оролцогч бүр өөрийн, бусдын жижиг боловч асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэх гэж оролдож бас шийдэж байгаа нь, хамгийн гол нь энэ сэтгэл, эрмэлзлийг өдөөж, тэжээж буй нь энэ нэвтрүүлгийн зорилго гэж ойлгодог юм. Сонин, сонирхолтой олон шийдэл харагдана. Манай оронд өвөл болно, цас орно, хальтиргаа үүснэ, осол гэмтэл нэмэгдэнэ. Энэ бол хэн бүхний мэддэг бас гарцаагүй зүйл. Өчигдөр хоёр залуу давс цацах машин зохион бүтээсэн байв. Ачааны машин дээрээс хэсэг нөхөд давсыг хүрздэн цацаж буй дүр зургийг өдөр бүр хардаг хэрнээ асуудал болгож анзаарч байгаагүй тэр л ажиллагааг хялбарчлахыг хүсч. Өвөл биш учир туршиж үзэх боломж гараагүй юм. Бүх шүүгчид, хөндлөнгийн шүүгчид шийдлийг ерөнхийд нь дэмжсэн боловч Лодойравсал шүүгч (бөөрөнхийлөхийг хүссэнгүй) оюуны өмч, патентийн талаар асуудал дэвшүүлж дэмжихийг хүссэнгүй. Үүнээс үүдэн мэтгэлзээн үүсч эцэст нь залуус маань дараагийн үед тэнцсэн юм. Гэвч…
Лодойравсал шүүгчийн дэвшүүлсэн асуудал нь "ийм зүйлийг хийгээд патент авчихсан байгаа, тийм учраас чи оюуны өмч зөрчиж байна" гэсэн утгатай гэж би ойлгов. Нэгдүгээрт таамаг төдий зүйлд үндэслэх нь маш буруу. Яг ийм ийм бүтээл тийм тийм патентаар хамгаалагдсан байгаа тул дэмжих боломжгүй гэвэл хүн бүр ойлгоно бас үндэслэл болно. Бүр нөгөө талаас (эсэргүү маягийн) харах юм бол шүүгчид нь тухайн оюуны өмчийн эзэн биш, оюуны өмчийн газрын ажилтан биш, цагдаа бол бүр биш. Тэгэхээр тэр оюуны өмчийг хамгаалах үүрэг тэдэнд байхгүй. Ардчилсан нийгэмд өмчтэй хүн түүнийгээ бусдаас хамгаалах, хамгаалуулах эрхтэй түүнийгээ хэрэгжүүлэхгүй байхад "төрийн өмнөөс огтоно боож үхнэ" болох хэрэггүй л болов уу. Ер нь оюны өмч, патент, зохиогчийн эрх гээч зүйлийг олон нийтэд ойлгуулах, таниулах нэн шаардлагатай байгааг бас үүнд нэмэр болох гэснийг нь ойлгож байна. Гэхдээ арай буруу газар, арай буруугаар илэрхийлээд байх шиг.
Оюуны өмч, оюуны бүтээл нь өнөөгийн нийгмийн үндэс суурь, хөдөлгөгч хүч болсон гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Биет бүтээл байхгүй ч үүнийг ингэж шийдэж эсвэл ингэж ажиллуулж болох юм гэсэн санааг патентаар, харин гарт баригдах эсвэл нүдэнд үзэгдэх бүтээл болсон зүйлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг. Эхнийхийг нь заавал бүртгүүлнэ гэхдээ ижил төрлийн санаа өмнө нь дэлхийд бүртгэгдээгүй байх ёстой. Зохиогчийн эрхийг бүртгүүлсэн ч болно, бүртгүүлэхгүй байсан ч болно. Миний энэ блог автоматаар оюуны өмч болж хуулиар хамгаалагдаж байгаа. Мөн патент бүртгүүлсэн ч ямар нэг маргаан гарахад тэрхүү патентаас өмнө тэр санааг хэрэгжүүлсэн бүтээл байвал патент нь хүчингүйд тооцогдоно. Энэ бол оюуны өмчийн талаар олон улсд хүлээн зөвшөөрөгдсөн маш ерөнхий ойлголт.
Эргээд нэвтрүүлэг рүүгээ оръё. Нэвтрүүлэгт оролцогчид нас, мэргэжил, мэдлэгийн хувьд ямар нэг шаардлага тавиагүй учир оюуны өмчийн талаар шаардлага тавих нь илүүц болов уу. ЕБС-ийн сурагч энэ талаар мэдэхгүй, мэдэх ч албагүй болов уу. Харин оролцохыг хүссэн эсвэл тодорхой шат давсан хүмүүст оюуны өмч, технологи, технологийн горим, инженер, зохион бүтээх гэдэг юу болох талаар цэгцтэй сургалт явуулж түүгээрээ нэвтрүүлгийн үзэгчид, ирэх жил оролцохыг хүсэгчдийг гэгээрүүлэх нь зөв болов уу. Энэ нь дараа жилийн оролцогчдын чанарт ч эергээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэндээ гадны орнуудад оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах тал дээр ажилладаг. Тиймээс оюуны өмч, патент, зохиогчийн эрх гэж оролцогчдыг, оролцох хүсч буй хүмүүсийг айлгахаасаа илүү нэвтрүүлгийнхээ үндсэн зорилгод гол анхаарлаа төвлөрүүлж тэдний зохион бүтээх хүсэл эрмэлзлийг дэмжиж, өдөөж бас зөв сэтгэлгээ суулгаж өгөх хэрэгтэй болов уу.
http://www.dulmandakh.com/