&#34Эвтэй байвал амжилтад хүрнэ&#34

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

&#34Эвтэй байвал амжилтад хүрнэ&#34

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо арваннэгдүгээр сарын 9-22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Кюүшюү башё эхнээсээ эхлэн сүүлийн өдөр хүртэл олны анхааралд байж, Монгол сүмочдын давамгайлалаар өндөрлөлөө. Башёг эхлэхээс өмнө 69 дэх ёкозүна Хакүхо түрүүлж, ёкозүна Тайхогийн амжилттай зэрэгцэх үү, эсвэл гэсэн таамаг олны анхааралд байсан. Тэр дундаа шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров түрүүлэх бөхчүүдийн тоонд бичигдэж байсан. Мөн энэ удаагийн башё 69, 70, 71 дэх аваргуудаас гадна ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням ч олны анхааралд байсан юм.

 

ХАКҮХО 32 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, БҮХНИЙГ МАНЛАЙЛАВ

Кюүшюү башёгийн сүүлийн өдөр түрүү бөх хараахан тодроогүй байсан. Гэхдээ 13 даваа, нэг унаатайгаар ёкозүна Хакүхо ганцаараа тэргүүлж байсан бөгөөд түүний араас 12 даваа, 2 унаатай ёкозүна Какүрюү нэхэж байлаа. Тэдний хувьд сүүлийн өдөр барилдахаар оноолт таарсан юм. Хакүхо тэмцээний зургаа дахь өдөр Такаясүд унасан бөгөөд энэ өдрөөс эхлэн башёг Какүрюү тэргүүлж эхэлсэн. Гэвч тэрээр энэхүү тэргүүллээ удаан хадгалж чадаагүй юм. Какүрюү 11 дэх өдөр озэки Кисэносатод, 13 дахь өдөр ёкозүна Харүмафүжид унаж, тэргүүлэгчийн байраа алдсан. Харин сүүлийн өдөр буюу өчигдөр Какүрюүд боломж олдсон ч Хакүхо нэмэлт барилдаан гаргахыг хүссэнгүй тачиан дээр л давуу байдлыг авч, давхар мавашины барьцнаас түрж гаргаад түрүүллээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиосон энэ өдөр мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн ч өрсөлдөөн дүүрэн өрнөлөө. Тэр дундаа мөнхийн гэгдэж байсан дээд амжилттай 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зэрэгцэж ирсэн юм. Түүний хувьд энэ жил 29 настай бөгөөд дахин нэг түрүүлж, дээд амжилтыг ганцаар эзэмшиж, улмаар 40 түрүү рүү тэмүүлэх боломж бий.

Тэрбээр “Бөртэ чоно, Гуа маралын удмын хүү би өөрийн хайртай Тайхо аваргынхаа ачийг хариулж, Монголын ард түмэн хүчтэй, эвтэй байвал юманд хүрч чаддаг юмаа гэдгийг харуулж чадсандаа туйлын их баяртай байна” гэж монголоороо хэлсэн нь элэг нэгтнүүдээ баярлуулсан явдал боллоо.

Монголын сүмогийн алтан харааай Кёкүтэнхо Кюүшюү башёд 10 ялж, дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн хамгийн ахмад бөхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрсөн зуунд барилдаж байсан Ноширогата 1935 оны зуны тэмцээний дээд зиндаанд 40 нас нэг сар 15 хоногтойдоо 50 хувийн амжилт гаргасан байдаг байна. Кёкүтэнхо энэ тэмцээний дайчин бөхийн шагнал хүртсэн юм. Түүний хувьд уг шагналыг долоо дахь удаагаа авч байгаа бөгөөд 40 насандаа авсан нь бас нэгэн дээд амжилтыг бичлээ.

Дээд зиндаанд Монголын 10 бөх барилдсанаас 9 нь тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн бөгөөд Харүмафүжи 11-4, Какүрюү 12-3, Ичиножёо 8-7, Тэрүнофүжи 8-7, Тамаваши 8-7, Кёкүтэнхо 10-5, Таканоива 3-12, Араваши 8-7, Кёкүшюүхо 8-6, Тамаваши 8-7 гэсэн амжилтаар башёг өндөрлүүлэв. Мөн жюүрёод барилдсан хашир туршлагатай Токитэнкү А.Хүчитбаатар 12-3 амжилтаар түрүүллээ. Түүний хувьд 10 жилийн дараа жюүрёод түрүүлж байгаа нь энэ.

Кюүшюү башё яах аргагүй монгол бөхчүүдийн давамгайлал дор болж өндөрлөлөө.

Монголын бөхчүүдээс: (15 дахь өдөр)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-4
Ёкозүна Какүрюү М.Ананд 12-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 8-6
М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5
М-13 Таканоива А.Баасандорж 3-12
M-13 Араваши Э.Дөлгөөн 8-7
М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-5 гэсэн амжилттай өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж