“De Beers”-ийн захирлыг сонгов

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“De Beers”-ийн захирлыг сонгов

Алмаз олборлогч дэлхийн томоохон “De Beers” компани жил гаруй хайсны эцэст захирлаа сонгов. Одоогоор Францын машин үйлдвэрлэгч  Alstom компанийн дэд захирал бөгөөд “Alstom Transport” салбарыг толгойлж байгаа Филипп Мелье алмаз олборлогчын ерөнхий захирал болно. Өмнө нь тэрээ автомашины үйлдвэрийн  “Renault” болон “Ford” компаниудад ажиллаж байлаа. “De Beers” компанийн удирдах ажилдаа Мелье ирэх долдугаар сарын 1-нээс орох гэнэ.

Өнгөрсөн оны долдугаар сард “De Beers” компанийн захирлаар олон жил ажилласан Гарета Пенни огцорч байгааг зарласан байлаа. Ингээд компанийн санхүүгийн захирал Стюарт Браун, арилжааны захирал Брюс Кливер нар компанийг түр толгойлж байгаа юм.

Алмазын аж үйлдвэрийн геологи хайгуул, олборлолт алмазын түүхий эдийн салбартаа дэлхийн лидер “De Beers” компани 1888 онд байгуулагдсан түүхтэй. Өмнөд Африкийн улс дахь уурхайнууд болон Ботсвана, Намибийн Засгийн газруудтай түншлэн уг компани нь дэлхийн алмаз олборлолтын 40 хувийг  гаргаж байна. “Де Бирс” групп нь хувийн компани бөгөөд хувьцааг нь “Anglo-American” (45 хувь), “Central Holdings Group” (40 хувь) болон Ботсвана улсын Засгийн газар (15 хувь) эзэмшдэг юм.

Ш.САМБУУ

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж