Хэдэн жилийн өмнө эхлүүлсэн дурсамжаа гүйцээхээр суулаа. Уг нь миний дурсамж “Одоо бид ахан дүүс шиг сайхан нөхөд болжээ” гэсэн нэртэйгээр Ардын эрх сонины 2000 дахь дугаарт нийтлэгдэж байсан юм. Цаг хугацаанд хавчигдаж яаран сандран бичсэн дурсамж маань ингэж эхэлдэг юм. “Дуран микрофоннтой ажиллаж байсан телевизийн сэтгүүлч миний бие нэг л өглөө сонин хэвлэлд хүчээ үзэхээр зориглосон нь 2005 оны долдугаар сарын сүүлч байлаа. Төрийн төв хэвлэлээс түмний шударга индэр болон өөрчлөгдсөн “Ардын эрх” сонины хамт олон шууд л намайг “Тоймч” хэмээх томоохон албан тушаалд томилж орхилоо. Манай албанд Л.Мөнхбаясгалан, А.Алтантуяа, Т.Мөнхтунгалаг бид хэд байлаа. Уужим том өрөөний баруун хойд мухарт манайхан тухлана. Үе үе тэндээс дуу дуугаа авалцсан бөөн инээдэм сонсогдоно. Ядахад манай албанд бүгдээрээ дуу өндөртэй, хурц, дайчин чанартай нөхдүүд цуглачихжээ. Хүний савыг хоосон буцаахааргүй хэл амтай, хэрэг гарвал хэний ч өмнөөс үзэг цаасаа чулуудахаас буцахгүй ийм л хүмүүс хэдэн жил тэнд бужигнажээ. Заримдаа шинэхэн сэтгүүлчдийн хувьд сэдвээ бичих гэж цагт хавчигдан ядаж байхад бидний их дуу шуу чихэнд чийртэй ч байсан байж мэднэ.
Гэвч биднээс топ сэдэв, хадаас мэдээ гарах нь цөөнгүй учраас дугаар удирдагч нар маань “Та нар жаахан дуугаа татчих” гэхээс өөрийг хэлдэггүй байлаа. Өглөөний шуурхай дээр бие биенийгээ авах юмгүй болтол авч хаячихаад үдээс хойш нийлчихсээн ганц нэг шар айраг уусан шиг маргаашийнхаа сэдвийг ярьж суусан өдрүүд олон бий. Тэр бүхний үр дүнд уншигч олноо шуугиулсан олон сайхан нийтлэлүүд ар араасаа гарч байлаа. Л.Мөнхбаясгалангийн бичсэн түүхийн үнэт ховор үзмэрүүд харь газар хэрхэн одсон тухай эрэн сурвалжилсан цуврал нийтлэлүүд, Т.Мөнхтунгалагийн хууль эрх зүйн шуугиант материалууд, А.Алтантуяагийн Голланд өвчний тухай эдийн засгийн цуврал нийтлэлүүд уншигчдын төдийгүй улстөрчид, хэвлэл мэдээллийнхний анхааралд эрхгүй өртөж байлаа.
Сонин хэвлэлийн туршлагатай сэтгүүлчдийн дунд шууд л шумбаад орчихсон миний бие яаж хүнээс дутах вэ гэсэн нэрэлхсэн сэтгэлээрээ айх эмээх юмгүй шууд л бичээд эхэллээ. “Баярын тухай гунигт бодлыг бас дахин өгүүлэх нь”, , “Утсаа аваач дарга нараа”, “Хадганд ороосон хахуулийн мөнгөн аяга”,”Зүсээ хувиргасан зандалчин, үсээ хусуулсан завхайрагчид”, “Үхэх хүнд эрх чөлөө хэрэгтэй”, “Уйтай намрын эмгэнэл”, “Шаналсан эцгийн эрэл” гэх мэт сүртэй сүртэй нэртэй нийтлэл, сурвалжлага, өгүүлэл, тэмдэглэл бичлээ. Бичих тусам урам орно. Эрхлэгч Б.Тэмүүлэн, хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, зөвлөх Г.Бямбажал ах болон бусад бүх хүмүүс л харамгүй зөвлөнө. . .” гэж үргэлжилдэг. Тэр үед бичиж байсан бүтээлүүдээ эмхэтгэж “Зөрж өнгөрөөгүй” хэмээх ном болгон хэвлүүлсэн маань он цагийн уртад уран бүтээлийн арвин их ургац болон үлдсэнд баярлаж явдаг юм.
Нэг өдөр манай редакцид америкийн нэгэн сайн дурын ажилтан иржээ. Барууны сэтгүүлзүйн үүднээс бидэнд зөвлөгөө туслалцаа үзүүлэх юм байх. Өглөө болгон орчуулагчаар дамжуулан сонины дугаарт санал шүүмж хэлнэ. Гэтэл нэг өглөө Б.Тэмүүлэн эрхлэгч маань өрөөндөө дуудаж байна. Ортол нөгөө зөвлөх сууж байна. “Хөвсгөлд нэг хүүхэд алга болжээ. Тэр талаар газар дээр нь очиж сурвалжлага хийх хэрэгтэй” гэлээ. Ердөө маргааш нь онгоцонд суугаад нөгөөдөр нь Бүрэнтогтох суманд очоод хагас өдрийн дотор сурвалжлагаа хийчихээд ирлээ. Дөнгөж редакцийн үүдээр оров уу, үгүй хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нарантуяа тосч аваад “Одоо суугаад сурвалжлагаа бич, маргаашийн дугаарт гаргана” гэдэг юм байна. Угаас таталгаж, хүн гаргаж уншихын аргагүй муухай бичдэг болохоор өнөөх эх адаггүй зураасан бичгээ гаргахтай байгаа дээр нь халуухан бичсэн болохоор тэр сурвалжлага маань хүмүүст нэлээн хүрсэн байдаг юм. Үүнээс би нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Сонины сурвалжлаганд яваа хүн элдэв бичлэгийн аппарат, дуу хураагуурын хэрэггүй юм байна. Онгодтойхон бичье гэвэл олон дахин нааш цааш эргэлдүүлсэн бичлэгийг сонсох хэрэггүй юм билээ.
Ингээд удаагүй байтал намайг Нийгэм эдийн засгийн албаны даргаар дэвшүүлж орхив. Өөрөө өөрийгөө л болгоож байсан надад энэ бол ёстой “дөнгө” байлаа. Харин манай албаны Л.Нарантөгс, Б.Бадамгарав, Г.Нэргүй гээд л хэдэн сайхан залуучууд намайг юунд ч хүргэдэггүй байлаа. Тэд өдөр өдрийнхөө ажлыг амжуулчихаад “Та санаа зовох хэрэггүй. Дүү нар нь бүгдийг нь амжуулчихна” гэдэгсэн. Миний хувьд тэдэндээ “сургааль, номоо хайрлаж, засаж, зааварлах”-аас өөр зүйлийг хийдэггүй байжээ. Одоо тэд маань бүгд туршлагатай, сайн сэтгүүлч болон өсч, редакцийнхаа хамаг хүнд ачааг нуруундаа тээсэн эрхэмүүд болжээ.
Манай сонины өнгө төрхийг олоход хүн болгоны онцлог дүр төрх, үүрэг хариуцлага чухал нөлөөлсөн гэж би боддог. Дээр дурдсан олон сайхан сэтгүүлчдээс гадна Ш.Гэрэлсайханы билгийн нүд, хурц авьяасыг дурдахгүй байхын аргагүй. Угаас хөнгөн шооч зантай, үргэлж л алиа марзан зүйл дагуулж явдаг түүний гараас сурвалжлага тэмдэглэлд нийцсэн гэрэл зургийн гайхамшигт зохицол эвлүүлэг төвөггүйхэн гардагсан. Түүнтэй хөг нийлсэн хөгжөөнтэй хүн гэвэл яах аргагүй Ш.Мягмарсамбуу ах маань билээ. Уур уцаар, уйтгар гуниг гэдгийг хэзээ хаана гээчихсэн юм бол гэмээр үргэлж л инээд хөгжөөн дагуулж явдаг түүнийг редакцийнхан маань байнга л “тойрон эргэлддэг” гэвэл хэтрүүлэг болохгүй. Орчуулгын онол, дадлага, арга зүйд оройхон гараад ширүүхэн дайрсан түүний бүтээлийг одоо өдөр болгон News.mn-ийн фенүүд уншиж байгаа билээ. Гадуур телевизээс Гантулга, веб сайтаас Ш.Мягмарсамбуу л гадаад мэдээг шуурхай бидэнд хүргэх юм даа гэсэн үг гарчээ.
Одоо News.mn-ийн сэтгүүлч сурвалжлагч нарыг уншигчид андахаа больжээ. Хаана л зоригтой шийдэмгий, зангарагтай нийтлэл гарсан байна, тэр бүхний цаана өнөөх л News.mn-ийн сэтгүүлчид байх нь хэвийн үзэгдэл болжээ. News.mn бол хэвлэл мэдээллийн салбар дахь анхны цахим агентлаг төдийгүй, амжилт бүтээлээрээ ямагт тэргүүлж яваа түүчээ нь билээ. Араасаа олон арван мэдээллийн сайтыг төрөн гаргасан, олон сайн удирдагчийг тодруулж гаргасан энэ хамт олныг эвсэг найрсаг, элгэмсэг дотно байлгахад гал тогоог нь барьсан Ч.Мөнгөнтуул эгчийгээ магтахгүй байхын аргагүй. Хүний амьдралын жаргал, зовлонг хамгаас түрүүнд мэдэрч, туслаж дэмжих гэж яарч явдаг хүн бол яах аргагүй Мөнгөө эгч маань юм. Ингээд магтаад дурсаад байвал олон хүнийг дурдах хэрэгтэй. Д.Оюунцэцэгийн уйгагүй зүтгэл, З.Боргилмаагийн зангарагтай бодол, Ц.Булганзаяагийн хичээнгүй бичлэг, С.Баяраагийн шуурхай мэдрэмж, Өлзийбаярын гэнэн томоогүй зан, М.Тунгалагийн тусч чанар гээд хүн бүхний эрхэм нандин шинж чанараас “Ардын эрх” сонин, News.mn агентлаг маань ард түмнийхээ индэр болж өсч өндийсөн билээ.
Одоо эргээд бодоход Г.Мөнхнасангийн алдарт захидал, Чулуунцэцэгийн гар татсан хямгадалт, Ёндондүйчирийн сайжруулсан засвар, Бямбасүрэнгийн чулуу хөөлгөсөн төөрүүлэлт, Нэргүйн гайхамшигт шарталт гээд хөгжөөнтэй дурсамж олон бий.
Аливаа баяр ёслол, тэмдэглэлт ой бол бид бүхний санах ойг сэрээж өгдөг сайхан боломж байдаг. Магадгүй миний орхигдуулсан зарим нэгэн дурсамж, үнэлэмжийг бусад нөхөд маань гүйцээж, нэгэн цул бахархалт түүхийг хамтдаа бичнэ гэдэгт би итгэж байна.
Энэ бүх ах дүү, найз нөхөд, мэргэжил нэгт хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Г.ЭНХБААТАР