ОУВС ажил албан дахь амраглалын эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

ОУВС ажил албан дахь амраглалын эсрэг

Олон улсын валютын сан (ОУВС) ёс зүйн хэм хэмжээний журмаа өөрчлөх гэнэ. Энэхүү өөрчлөлт нь дарга, захирагдагч нарын харилцаанд хамаарах юм. “Дарга болон ажилтнуудын хоорондын амрагийн харьцаа нь сонирхлын зөрчилдөөний шалтгаан болж байгаа учраас үүнийг нуух ёсгүй. Үүнийг ердөө л хэн нэгнийг өөр салбарт ажиллуулахаар болгоход л хангалттай” гэж ОУВС-гийн төлөөлөгч Уильям Мюррейн хэлснийг  MarketWatch иш татсан байна. Түүний яриагаар дотно харилцаагаа нуух нь албан тушаалын гэмт хэрэг болох бөгөөд захиргааны шийтгэл ноогдуулах ёстой гэнэ.

Ёс зүйн кодекст өөрчлөлт оруулах асуудлыг энэ сарын 6-нд дэмжсэн. Үүнээс өмнө хувийн харилцааг буруутгасан заалт байгаагүй юм. Анх энэ асуудлыг 2007 онд уг сангийн захирал асан Доминик Стросс-Кан болон сангийн Африкийн салбарын ажилтан эмэгтэй унгар гаралтай Пирошка Надь нарын нууц амрагийн дуулианаар боссон. Тэр үед ОУВС дотоод мөрдөн байцаалтаа явуулан Строос-Кан албаны журам зөрчсөн эсэхийг тогтоохоор шалгаад тийм зөрчил байгаагүй гэсэн байв.

Энэ сарын 14-ний өдөр ОУВС-гийн тэргүүнийг зочид буудлын 32 настай үйлчлэгч эмэгтэй хүчиндэх оролдлого хийсэн гэж гомдол мэдүүлсний дагуу баривчлаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Стросс-Каныг нэг сая ам.долларын барьцаатайгаар суллан гэрийн хорионд байлгах шийдвэрийг шүүх гаргасан. Тэрээр Нью-Йоркт амьдрах ёстой. Түүний хөдөлгөөнийг тусгай бугуйвчийн тусламжтайгаар хянаж байгаа. Стросс-Кан  ОУВСангийн захирлын албан тушаалаасаа өнгөрсөн долоо хоногт огцорсон. Тэрээр огцрор өргөдөлдөө “Миний эсрэг чиглэсэн бүх яллагааг би эрс үгүйсгэж байна. Гэхдээ би үнэн сэтгэлээсээ албанд нь зүтгэсэн сангийнхаа нэр хүндийг хамгаалахыг хүсч байна” хэмээн бичсэн байлаа. Дашрамд сануулахад францчуудын дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар энэ хэргийг Строос – Каны эсрэг санаатайгаар зохион байгуулсан гэж асуулгад оролцогсдын ихэнх үзжээ.

Ш.САМБУУ

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж