Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Арваннэгдүгээр сарын дундарав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 26-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.