Уг шийдвэрийг даваа гаригт Чод хүргүүлсэн бөгөөд түүний албыг Чад Бучанан гэх багийн коллежийн скаутын албаны захирал хаших магадлал өндөр байгаа гэнэ. Өнгөрөгч долдугаар сард Кевин Притчардыг орлон “Блейзерс” Чотой гэрээ хийж байсан ч тэдний хүсэн хүлээсэн амжилтыг нь үзүүлж чадаагүй юм. Тус баг плей-оффын эхний шатнаас мултарсан. Тэд ийнхүү гурав дахь жилдээ дараалан эхний шатнаас хасагдаж байгаа юм. Улирлыг 48-34 гэсэн амжилттайгаар дуусгасан. Гэхдээ маш олон бэртлийн хажуугаар өндөр амжилтыг үзүүлсэн гэж тооцож болно. Энэ нь сайн дасгалжуулагчийн ач байлаа. Харин менежерийн зүгээс Жералд Уоллесийг “Шарлотт Бобкатс” багаас авчирсан нь хамгийн том алхам байсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогч Жоел Прзубилла мөн Дантэ Каннингхэм, Шон Маркс нарыг драфтын нэгдүгээр тойргийн хоёр эрхээр сольсон. Нэг ёсондоо одоогоо харсан зүйл болсон бөгөөд ирээдүйгээ хэтэрхий золиосолсон хэрэг болсон байх аюултай. Мөн плей-оффын тоглолтын үеэр тоглох минутдаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн Брэндон Ройг шийтгэх саналыг менежер Чо гаргаж байсан ч багийн эзэд зөвшөөрөөгүй учраас Рой шийтгэл хүлээлгүй өнгөрч байсан гэнэ.
Багийн ерөнхийлөгч Миллер шинэ менежерээ хэзээ сонгохоо хэлээгүй бөгөөд ингэснээр Бучанан ирэх сард болох драфтанд багаа төлөөлж магадгүй байгаа аж. Тэгэхээр “Блейзерс”-ийн ирээдүйг бас л нэг олонд танигдаагүй хүн шийдэх бололтой.